Х.Болормаа: Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 34.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 17 төслийг хэрэгжүүлэхээр баталлаа

Х.Есү
1 цаг 59 минутын өмнө

УИХ-ын чуулганаар 2026 оны улсын төсвийг эцэслэн баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болормаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Миний бие нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш улсын төсвийг 2 дахь удаа хэлэлцэн батлалцлаа.

Монгол улсын 2026 оны төсөв дээр өөрийн харъяалагддаг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд нийгмийн тулгамдсан асуудлуудад онцгой анхаарч ажиллаа.

Энэ удаагийн төсвийг хэлэлцэн батлахдаа иргэд, олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд иргэдийн санал хүсэлтэд үндэслэн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмж тусгаснаараа онцлог юм.

Мөн нийгмийн шаардлагад нийцүүлэн төсвийн төслийн зардлыг танаж багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулан өөрчилж баталсан болно.

Ирэх оны төсөвт нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт боловсрол, эрүүл мэнд, барилга, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэхээр шинээр тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг танилцуулж байна. Тус дүүргүүдийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 34.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 17 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр шинээр тусгаж эцэслэн баталлаа” гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна