Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийн гаалийн татварыг Засгийн газар тогтоодог болно

Х.Батсайхан
1 цаг 32 минутын өмнө

Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ. Тодруулбал, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны зургаадугаар сарын 03-ны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулахаар тогтоолын төслийг  боловсруулсан байна.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгохоор тогтоолын төсөлд тусгасан гэв. Мөн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагавруудыг даван туулах зорилгоор 2014-2025 оны хооронд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт найман удаа тусгайлан хууль баталж, цаг үеийн шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүлсээр ирснийг онцоллоо.

Түүнчлэн 2025 оны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас үүдэн байгалийн хадлан, өвс, тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүссэн тул Засгийн газрын хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна