Төсөв “хуучирсны” дараа Н.Учрал Засгаа авч, Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болох хувилбар

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн лхагва гарагт цаг үеийн асуудлаар хийсэн мэдэгдэлдээ  “Төсөв дөнгөж батлагдсан энэ цаг үед Засгийн газраа тогтвортой байлгах нь чухал. …Би Тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангаж, хамгаалж, бас хяналт тавьж ажиллана” гэсэн нь анхаарал татлаа.

Тэрбээр намын дарга болсноороо хүссэн цагтаа Г.Занданшатараас Ерөнхий сайдын суудлыг авах эрх мэдлийг атгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Намын үндсэн дүрмээр ч, сая шинэчилж баталсан Үндсэн дүрэмд ч энэ эрхийг нь баталгаажуулсан байгаа. МАН-ын Их хурал угтаж Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар нэрээ татсан үйл явцын дараа түүнийг УИХ-ын даргаар ажиллах магадлал маш өндөр гэлцэж байсан. Тэр ёсоор ч болсон. 

Гэвч тэрбээр Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зөв гэдэг байр сууриа  “Төсөв дөнгөж батлагдсан энэ цаг үед…” гэж тодотгосон нь яах аргагүй “Төсөв “хуучирч” цэгцэрсэн тэр үед бол Засгийн газрыг хөдөлгөж болно” гэж уншигдлаа. Бүр тодорхой хэлбэл, "Г.Занданшатар 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж, Н.Учрал Ерөнхий сайд болно" гэсэн таамаг амилаад явчих шиг болов. 

Энэ цаг мөчид Н.Учрал МАН-ын дарга, УИХ-ын дарга, Тэргүүн шадар бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд гэсэн гурван албан тушаалыг зэрэг хашиж байна. 

Тэрбээр Тэргүүн шадар бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын суудлаа өгөх нь цаг хугацааны асуудал болсон яг тэр үед “МАН-ын хэрүүл тэмцлийн эхийг тавьсан” гэж нэг хэсэг мэдээлэгдээд, түүнээс хойш чимээгүй байснаа Удирдах зөвлөлд сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн ил гарч, Шадар сайдад яригдав. 

Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой халаа сэлгээний гол дүрүүд бараг тодорчих шиг болов.  Тодруулбал, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар Ерөнхий сайдын местнээс нэр дэвшиж, намын дарга Н.Учрал Ерөнхий сайд болж, Л.Энх-Амгалан харин УИХ-ын дарга болно гэсэн шинэ дүр зургийг үүсгэж байна. 

Л.Энх-Амгалан яагаад спикер болох магадлалтай вэ гэхээр, Д.Амарбаясгалан намын даргын сонгуульд өрсөлдөх болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг “УИХ-ын даргын суудлаа Л.Энх-Амгаланд өгчих” гэж шахсантай холбоотой гэсэн мэдээлэл гарч байсан.

Харин Н.Учрал УИХ-ын даргаас илүү Ерөнхий сайд болохыг хүсэж байгаа. Энэ таамгийн магадлалыг нэмэгдүүлэх нэг шалтгаан нь талуудын эрх ашгийг тэнцүүлж чадах боломж УИХ-ын даргаас илүүтэй Засгийн газрын газрын тэргүүнд байгаатай холбоотой.

Н.Учралыг намын даргад дэвшүүлсэн нь үнэндээ үе хоорондын холбоос, МАСЗХ, НАМЗХ угшилтнуудын аль, алиных нь дэмжлэгийг хүлээж чадах “Дундын хувилбар” гэж тооцогдсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, 70-аад оны Г.Занданшатар юм уу, өөр хэн нэгэн нэр дэвшсэн бол унах эрсдэл байсан учраас түүнийг нэр дэвшүүлсэн. Тэрбээр хоёр талын итгэлийг авсан гэдгийг 94.5 хувийн санал нь харуулж буй.

Энэ эв нэгдэл гэхдээ эмзэг. Ерөнхийлөгчийн, эс бөгөөс хамгийн чухал 2028 оны сонгуулийн өмнө хагарч, том асуудал үүсгэх нигууртай. Энэ хоёр сонгууль Н.Учралын хувьд толгойгоороо хариуцах асуудал нь. Тийм учраас “Эм Си Эс”-ийн ашиг сонирхлыг хангаж өгөх,  Засгийн газраа тэргүүлж, үе хоорондын холбоосын үүргээ гүйцэтгэх, сонгуулиудын өмнө эв нэгдлээ баталгаажуулан, өөрийнхөө улстөрчийн замналыг ч баталгаажуулах зайлшгүй шаардлага байгаа нь үнэн юм.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.13
    17 минутын өмнө

    Ээ чааваас, Занданшатар гэдэг хүн хэзээ ч Eрөнхийлөгч болж чадахгүй сул дорой хүн шүү дээ, МАН нам ч том алдах нь дээ, УИХ- ын сонгуульд өвдөг шороодсон хүн, ерөнхийлөгчийн сонгуульд бол сураг ч байхгүй байна биз. Дэвшүүлэн зайлуулах тeхнологи хэрэгжиж байна гэж харж байна.

    Хариулах