МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж хоёр томилгоо хийсэн билээ. Тодруулбал, УИХ-ын даргаар томилогдсон Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралын оронд Ж.Энхбаярыг томилж, Ж.Энхбаярын тэргүүлж байсан Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилсон. Өөрөөр хэлбэл, Н.Учрал МАН-ын дарга, УИХ-ын даргаар томилогдсонтой холбоотойгоор гарах орон тоонуудад томилгоо хийгдэж, асуудалгүй болсон гэсэн үг.
Тэгвэл дээрх хоёр томилгооноос илүү анхаарал татсан нэг “томилгоо” болсон нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн явдал байв. Энэ албан тушаалын хувьд, оны эхнээс шахуу яригдаж, очих амбийцтай улстөрчдийн нэр цохогдож байсан ч удаатай. Тэд дундаас Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын албыг хашиж асан Ч.Хүрэлбаатарын нэр зэгсэн чанга дуулдаж байв.
МАН бараг давтамжтай гэж хэлж болохоор шахуу “эвдэрдэг”, дараа нь эвлэрдэг, эвлэрэлд үүрэг гүйцэтгэсэн хүн нь нэр хүндээ өсгөдөг жишигтэй. Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй нэгэнтээ намаа эвлэрүүлэхэд үүрэг гүйцэтгэж, тухайн үеийн намын лидерүүдийн нэг У.Хүрэлсүх гурван ялаас өршөөх амлалт өгч байсан тухай ярьсан нь үүний жишээ.
Тийм болохоор ч тэр үү, МАН-аас томилсон эвлэрүүлэн зуучлах багийн ахлагчаар ажилласан Ч.Хүрэлбаатарыг бараг л хүссэн местээ авах хэмжээнд оччихлоо гэж төсөөлж байсан хүмүүсийн хувьд С.Наранцогтын томилгоо таамгаас зөрсөн явдал болов. Харин оронд нь яригдаж байгаа нь бүр ч төсөөлөөгүй нэр байна.
Сангийн яаманд мэргэжилтнээс хэлтэс, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар нийт 4 жил гаруйн хугацаанд мерит зарчмаар дэвшин ажилласан туршлагатай бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, 2022 оноос “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.
“Эрдэнэс Монгол” бол стратегийн бүх ордуудын төрийн мэдлийн хувьд тохируулан удирдлага хэрэгжүүлдэг газар. Харин Монголбанк Монголын эдийн засгийн цусны эргэлтийг базаж байдаг банк, санхүүгийн байгууллагуудыг баздаг, дээр нь бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил гэхээр “Дэвшүүлэн зайлуулсан” гэх тодорхойлолт зохимгүй. Сангийн яаманд мэргэжилтнээс эхлэн меритт зарчмаар ажиллаж, Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшсэн гэхээр харин тохирсон албандаа чоиж байгаа юм байна гэмээр.
Одоо харин гол асуулт. С.Наранцогтын оронд “Эрдэнэс Монгол”-ын захирлаар хэн очих вэ. Эх сурвалжийн хэлснээр, СЕХ-ны дарга асан П.Дэлгэрнаран энэ албан тушаалд очих хамгийн өндөр магадлалтай байгаа аж.
Түүний хувьд, ЗХУ-д Цэргийн дээд сургууль төгссөн, цэргийн дээд боловсролтой ч мэргэжлээрээ ажиллаагүй аж. Тодруулбал, эвлэл холбоонд ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн байх бөгөөд 1993 онд тухайн үеийн Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэлээр ажиллан төрийн албанд ажиллах эхлэлээ тавьсан аж. Түүнээс хойш Монгол Улсын Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт зөвлөх, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Автотээврийн газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референт зэрэг ажлуудыг хийж байгаад 2020 онд СЕХ-ны даргаар томилогджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна