Б.Энхбаяр сайдын санаачилсан хууль ТББХ-нд дээр унах шахлаа

Zuv.mn
1 цаг 54 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийг нөхөж оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газраас 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжье гэж санал хураахад есөн гишүүн татгалзаж, найман гишүүн дэмжиж олонх нь дэмжсэнгүй.   

Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсон Д.Энхтуяа гишүүний санал эсрэг гарсан гэсэн шалтгаанаар дахин санал хураахад 10 гишүүн дэмжсэнээр Байнгын хорооны босгыг давлаа.

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулиудын нэг хэдий ч 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн. Тодруулбал, Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн тулгамдаж байна. Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгахыг зорьсон хэмээн Засгийн газрын төлөөлөл танилцуулав. Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг шинэчилсэн найруулгад тусгасан. Харин Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл учраас ихээхэн ач холбогдолтой, шүүхийн шатан дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, процессыг бий болгож, гэр бүлийн хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн хууль санаачлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр онцолж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна