УИХ-аар хэлэлцсэн асуудлын санал хураалтын дүн, гишүүдийн дэмжсэн дэмжээгүй саналыг олон нийтэд нээлттэй болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин санаачилжээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна. Түүний боловсруулж буй хууль нь 134 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Болосвруулж буй хуулийн төсөл:
1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт, дэд заалт нэмсүгэй:
1/134 дүгээр зүйлийн 134.2, 134,3, 134.4, 134.5, 134.6, 134.7 дахь хэсэг:
134.2.Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хуралдааны товч мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр байршуулна.”
134.3.Энэ зүйлийн 134.2-д заасан хуралдааны товч мэдээлэлд дараах зүйлийг тусгана.
134.3.1.хуралдаанаар хэлэлцсэн асуудал;
134.3.2.хуралдааны ирцийн мэдээ /тоо, хувиар/;
134.3.3.хуралдаан эхэлсэн, завсарласан, хойшилсон, дууссан он, сар, өдөр, цаг, минут;
134.3.4.санал хураасан томьёолол, санал хураалтын дүн /тоо, хувиар/, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналын тоо;
134.3.5.техник, хэрэгслээс шалтгаалсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдаатай санал өгсөн гишүүний тухайн асуудлыг дэмжсэн, дэмжээгүйгээр хуралдааны тэмдэглэлд тусгуулахаар гаргасан санал;
134.4.Тухайн өдөр чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудлын хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хэлэлцсэн асуудал тус бүрээр товч мэдээллийг бэлтгэн мэдээлнэ.
134.5.Нууц санал хураалт явуулсан хуралдааны товч мэдээлэлд энэ зүйлийн 134.3.4-д заасан мэдээллээс зөвхөн санал хураалтын дүнг тусгана.
134.6.Хаалттай хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудалд энэ зүйлд заасан мэдээлэх журам хамаарахгүй.
134.7.Хуралдааны товч мэдээлэлд агуулсан тоо, мэдээлэл энэ хуулийн 135.1-д заасан хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэлтэй зөрсөн тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг баримтална.
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
134 дүгээр зүйл. “Чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, гарсан үр дүнг мэдээлэх журам”
3 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Тус хуулийн төсөл батлагдсанаар иргэд өөрийн сонгосон болон бусад гишүүдийн өгсөн саналтай танилцах боломжтой болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна