Оюутолгойн сонсгол арванхоёрдугаар сарын 8-нд болно. Оюутолгойг хянан шалгах түр хорооны ажлын хэсгээс тухайн сонсгол гэрчээр оролцох 300 хүний нэрсийг зарлаад буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас сонсгол гэрчээр дуудагдсан, ирэх эсэхийг тодрууллаа.
Тэрбээр " Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг би дэмжиж байгаа. Манай засгийн газрын үед Оюутолгойн асуудлаар ямар байр суурийг барьж байсан, юу хийж байсан тухайгаа олон нийтэд баримттай хүргэнэ. Иргэд ч мэдэх хэрэгтэй. "Оюутолгой" гэхээр хадны мангас шиг л юм ярьдаг. Яг юу болсон юм, одоо цаашид яах юм гэдгийг ярилцах хэрэгтэй.
Оюутолгойн сонсгол болно гэхээр нь би материалуудаа үзсэн. УИХ дээр мэдээлэл өгч байсан юм байна лээ. Гадаадын хөрөнгө оруулагчийг учир утгагүй муулаад байж болохгүй. Ямар асуудал байгаа, яаж шийдэх вэ гэдгээ сайн ярилцах хэрэгтэй.
Өмнөх Засгийн газрын гаргасан ямар нэгэн шийдвэрийг өөрчлөх эрх дараа дараагийн Засгийн газарт бий. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт 2 орчим ам.доллароор нэмэгдсэн байсныг шалгах ажлын хэсгийг Шадар сайд асан Б.Тэрбишдавга, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Сангийн сайд асан Ч.Улаан нар ахалж байсан. Тийм учраас энэ гурван сайд ирэх байх гэж бодож байна.
Манай Засгийн газраас хойш Дубайн гэрээ байгуулагдсан. Бид бол Дубайн гэрээг хийсэн бол Монголчуудын ногдол ашиг авах хугацаа хойшлох байсан учраас яаран сандран хийх хэрэггүй юм байна гэж үзсэн.Сонсгол дээр мэдээллээ баримттай ярина" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна