Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгуулан анхны хурлаа хийсэн билээ.
Харин зөвлөлд УИХ-аас нэр бүхий 10 гаруй гишүүнийг багтаахдаа заримаас нь асуугаагүй бололтой. Орон тооны бус зөвлөлд багтсан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өчигдөр "Надаас санал асуулгүйгээр нэр оруулсан байсан учир хасч өгөхийг хүссэн байгаа. УИХ гишүүний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана" гэсэн байр илэрхийлсэн юм.
Засгийн газар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулж дуусаад буй. Зорилтуудаа маш тодорхой боловсруулсан хэмээн сайшаагдаж буй уг баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбар бүрийн эрдэмтдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" байгуулсан нь ч хүлээгдэж байсан цагаа олсон ажил.
Үндсэн чиглэлийг боловсруулахад идэвхтэй оролцсон Г.Лувсанжамц тэргүүтэй залуу гишүүдийг багтаах ч буруу шийдэл биш. Тийм ч учир С.Цэнгүүн гишүүнийг зөвлөлд багтаасныг зөвтгөх, С.Цэнгүүн гишүүн зөвлөлд орохоос татгалзсаныг буруутгах хэсэг бүлэг байхыг үгүйсгэхгүй. Гээхдээ, аливаа ажилд хариуцлагатай хандана гэдэг тухайн ажлыг хамтарч хийх хүнтэйгээ тохирч, цаг зав гаргуулах зөвшөөрлийг нь авахаас эхэлдэг. Энэ утгаараа С.Цэнгүүн гишүүний байр суурь улс орны хөгжлийн шийдэлд санаа оноо нэмэрлэхээс татгалзсан гэдгээр биш, Хөгжлийн бодлогын зөвлөлийг байгуулахдаа яарсан, гишүүдийг сонгохдоо нухацтай хандах боломжийг өгөөгүй байж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Хөгжлийн бодлогын зөвлөлд орохоосоо цааргалсан биш, харин нэгд, өөрт нь урьдчилж мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр олон нийтэд зарласан бүдүүлэг арга барилд ундууцсан, хоёрт УИХ-ын гишүүний байр сууринаас ч бодлогын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах боломжтой, хараат бус статусаас хяналт тавих боломжтой, гуравт, хаана, юу хийхээ хүн өөрөө л шийднэ, хэн ч хүсээгүй байхад албадаж болохгүй гэдэг үүднээс хандсан гэсэн ойлголтыг төрүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна