ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: Танилцуулгад дурдагдсан ОНЦЛОХ БАРИМТУУД

Х.Батсайхан
1 цаг 35 минутын өмнө

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ эхэллээ.

Өнөөдөр /XII.08/ Сонсголын эхний өдөр "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Сонсголын эхэнд шинжээчид Оюутолгой төслийг танилцууллаа. Танилцуулгад дурлдагдсан онцлох мэдээллийг хүргэж байна.

-Зэсийн агууламжаараа дэлхийд эхний 4 /”Камоа”, “Грасберг”, “Антамина”-гийн дараа/, нөөцөөрөө /6.3 тэрбум тонн хүдэр/ эхний 6 /”Эскондида”, “Коллахуаси” зэрэг ордын дараа/ ордог.

-Зэс үйлдвэрлэлийн хэмжээгээр 2024 онд 355 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн үзүүлэлтээр 12 дугаарт байгаа бол далд уурхайн олборлолт дээд хэмжээндээ хүрснээр 2028 онд 500,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэснээр эхний гуравт эрэмбэдэгдэнэ.   

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед Монгол Улсын зээлжих зэрэглэл В тогтвортой, Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 36 хувьтай /Эрсдэлтэй/ байсан.

-Зээл санхүүжилттэй холбоотой зардлыг эс тооцвол дэлхийн хамгийн бага өртгөөр зэс олборлодог уурхайнуудын нэг.

-Дэлхийн зэсийн эрэлт өсөж, нийлүүлэлт багасах хэтийн төлөв байгаа. Энэ нь үнэ өснө гэсэн үг.

-Оюутолгойн Монгол Улсын эдийн засаг дахь үүрэг оролцоог /2010-2024 он/ тоогоор харуулбал, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 40 хувь, нийт гадаад өрийн 50 хувь, нийт экспортын 17 хувь, нийт гадаад валютын нөөцийн 41 хувийг эзэлж байна.

-2010-2024 онд 8.4 сая тонн зэсийн баяжмал олборлож, 16.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Үүнээс 3.2 тэрбум ам.долларыг АМНАТ, татвар, хураамжид төлжээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн сүүлийн зургаан жилд төлсөнтэй тэнцэж байна гэсэн танилцуулгыг хийлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна