"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол өнөөдрөөс /2025.08.12/ эхэлж байна.
Сонсголын эхэнд Хянан шалгах түр хорооны шинжээчид мэдээлэл танилцуулсан бөгөөд Оюутолгойн төслийн ТЭЗҮ-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хүргэсэн шинжээчин танилцуулгын хүргэе.
Танилцуулгад, "Ил далд уурхайн үйл ажиллагааг ойлгохын тулд хамгийн эхэнд уурхайг ашиглах ТЭЗҮ-г заавал тодорхойлох шаардлагатай.

Ашигт малтмалын ордыг ашиглах ТЭЗҮ гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн нөөцөд тулгуурлан уул уурхайн ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд уулын үйлдвэрийн технологийн сонголт, инженерийн шийдэл, байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрх зүй, хүний нөөц, удирдлага зохион байгуулалт, дэд бүтэц, эзийн засгийн үр ашгийн тооцоо болон холбогдох бусад хүчин зүйлийг нарийвчлан тооцсон тооцоо, тайлбар хэсгээс бүрдэх техникийн баримт бичгийг ойлгоно гэж заажээ.
Одоо та бүхэнд Оюутолгойн уурхай ажиллаж эхэлсэн хугацаанд хийгдсэн ТЭЗҮ-ийн түүхийг харуулъя.
2009.10.06 Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа анхны ТЭЗҮ-гээ 2010 онд батлуулсан. ТЭЗҮ-ийн шаардлага, хүлээн авах журамд таван жил тутам ТЭЗҮ-г тодотгох, инэчлэх буюу шинээр боловсруулах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу 2015 онд ТЭЗҮ-д тодотгол хийсэн. Харин 2020, 2023 онд ТЭЗҮ нь удаа дараа батлагдаагүй.

Оюутолгой компани нь сүүлийн 10 жил батлагдсан ТЭЗҮ-гүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Гэтэл дотоодын болон орон нутгийн уурхай 10 жил батлагдсан ТЭЗҮ-гүй явах байтугай хоёр жил ч бололгүй үйл ажиллагаагаа зогсоож хаалгадаг билээ. Энэ нь Монголын орон даяарх уурхайнуудад ТЭЗҮ батлуулахгүйгээр ажиллаж болдог юм байна гэсэн буруу жишиг тогтоох, ашигт малтмалын хууль болон бусад журмуудыг даган мөрдөхгүй байх эрдсэл бий болгож байна.
Мөн олон жил батлагдсан ТЭЗҮ-гүй үйл ажиллагаа явуулах нь Монгол Улс Оюутолгойн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй байх, татвар нөөцийн төлбөр буруу тооцох, хувьцаа эзэмшигчдэд ноогдох өгөөж өөрчлөгдөх, санхүүгийн ойлгомжгүй байдлаар төсөл хэрэгжүүлэгч компани өөрийн дураар шийдвэр гаргах, байгаль орчин болон бусад хохирлуудыг өөрсдийн хариуцлагаас зугтах эрсдэл үүсгэж байна.
Товчоор хэлэхэд 2025 онд бид 2015 онд батлагдсан ТЭЗҮ-гээр Оюутолгойн үйл ажиллагааг дүгнэх боломжтой байна. Эндээс ямар алдагдсан боломж үүсээд байгааг шинжээч миний бие тодорхойлох боломжгүй. Учир нь ихэнх мэдээлэл нь нууцад орсон байгаа. Монголын талаас удаа дараа тодорхой шаардлага тавьдаг боловч нөгөө талаас шаардлага биелүүлэх, шийдвэрлэх тал дээр ихээхэн хойрго ханддаг нь илт байна.

Ил уурхай болон далд уурхайгаас гаргаж байгаа нэг тонн чулуулагт ногдох зардал 1.7-3.5 дахин өссөн байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараах ТЭЗҮ-үүд судалгаа шинжилгээний нарийвчилсан үр дүнд тулгуурсан өндөр нарийвчлалтай хийгдээгүй гэдгийг харуулж байна.
Мөн тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэхэд бүтээмж нэмэгдэж ашиглалтын зардал нэмэгдэх ч том зургаараа нэг тонн чулуулагт ногдох зардал буурах ёстой гэтэл ийм зүй тогтол ажиглагдахгүй байгаа нь үр дүнтэй техник ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа юу, Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ байгуулагдсаны дараа хийсэн ТЭЗҮ-үүд үнэхээр нарийвчлал өндөртэй хийгдсэн үү, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмын нарийвчлалыг хангасан уу гэдгийг сайтар нягтлах ёстой.
Дээрх бүх нөөцийн мэдээллийн зөрүү хайгуулын мэдээллийн өөрчлөлт, ТЭЗҮ-д гарсан өөрчлөлт гэх мэтэд гаргасан шинжээчийн дүгнэлтээр нарийвчилсан судалгааны ажил дутуу, судалгааны ажлын үр дүн нарийсан тусам төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Яаравчлан уурхайн үйл ажиллагааг нээсэн нь оновчгүй шийдэл болсон байна. Төлөвлөгөө өөрчлөгдөх тусам тооцоологдоогүй хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Яг одоо ажиллаж байгаа Оюутолгой компанийн үйл ажиллагааны жишгээр Онтрэ компанийн үйл ажиллагааг явуулах юм бол зайлшгүй анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна