2009 онд байгуулагдсан ажлын хэсэг Оюутолгойн 34 хувийг хөрөнгө оруулалтгүйгээр эзэмших, АЛТАН ХУВЬЦАА эзэмших ёстой хэмээн үзэж байжээ

С.Гандэлгэр
1 цаг 4 минутын өмнө

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилж байна. 

Энэ үеэр шинжээч дүгнэлтээ танилцуулсан бөгөөд Оюутолгойн гэрээ байгуулагдах үеийн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дурдсан юм. 

Тодруулбал, 2009 онд Оюутолгойн төсөлтэй холбоотойгоор тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж байсан бөгөөд дараах санал дүгнэлтийн боловсруулж байжээ. 

Үүнд: 
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний төслийг боловсруулаагүй. 
Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрдүүлж ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай. 
ЭДийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлгээ, дүгнэлт гаргаагүй нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй. 
Нэмэлт нөөц илрэх бүрд түүнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт тодотгол хийх. 
Үйлдвэрийн ашиглалтад оруулах хугацаа болон хөрөнгө оруулалтын хуваарь зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах. 
Нөөц баялгаа үнэлж, урьдчилан худалдах, стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад алтан хувьцаа эзэмших эрх зүйн орчныг бий болгох. 
Гэрээний төсөлд ашигт малтмалын тухай хуулийн 30.1-д заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хавсаргасан байх, 30.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр геологийн хагуулын ажлын тайланг хэлэлцүүлэн нөөцийг бүрдүүлэх. 
Нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувийг эзэмших асуудлыг төсөлд тусгах. 
Хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, алтан хувьцаа эзэмших, концесс, түрээс, бүтээгдэхүүн хуваах гэрээ, нөөц баялгаа үнэлж, урьдчилан худалдах зэрэг хувилбарыг судалж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчинг бий болгох. 
Олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 хувь ба түүнээс дээш хувьцааг үе шаттай хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр эзэмших гэсэн саналуудыг гаргаж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна