О.Батнайрамдал: Газар нутгийнхаа баялгийг Монгол хүн хүртэх ёстой

Zuv.mn
1 цаг 38 минутын өмнө

Төрийн ордонд гурван өдөр үргэлжилсэн "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ дөнгөж сая дууслаа.

Сонсголоор 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээний алдаа мадгийг тогтоож, “Онтрэ”-гийн лицензит талбайд ноглдох баялагийн ашиглалтад одоогийн хууль эрхзүйн орчныг үйлчлүүлэх, зээлийн хүүг бууруулах зэрэг асуудалд санал нэгдсэн нь үр дүн нь байлаа.

Төгсгөлд нь түр хорооны дарга О.Батнайрамдал сонсголыг дүгнэж үг хэлэв.

Тэрбээр "УИХ-ын 62-р тогтоолоор байгуулагдсан ХШТХ-ны сонсгол энэ хүрээд өндөрлөж байна.
Монголын иргэн бүрт хамааралтай энэ асуудлыг бид эрт ярих ёстой байсан боловч энэ цаг үед тэр дундаа гадаад өрийн дарамт ихсэж, Оюутолгой төслөөс Монголын ард түмний хүртэх өгөөж алсарсаар байгаа энэ цаг мөчид энэ сонсгол зохион байгуулагдлаа.

Зөв зүйлийг хийхэд буруу цаг үе гэж байдаггүй гэдгийг би өмнө хэлсэн одоо ч хэлэхийг хүсч байна.
Юуны өмнө энэхүү сонсголоор хэн нэгнийг ялах, буруутгаж яллах зорилгоор зохион байгуулаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна.

Өнөөдөр бид 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт буюу Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг дүйцэхүйц хэмжээний мөнгөн дүнтэй том төслийн талаар хэлэлцэж байна.

Удахгүй дэлхийн гуравдагч том зэсийн үйлдвэрлэгч болох Оюу толгойн уурхайн талаар ярилцаж байна.
Тэртээх 2006 оноос эхлэлтэй энэ төсөлд дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг болох Рио Тинто Монгол Улсад ирж, бүтээн байгуулалт хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Монголчууд бид үүнд үргэлж талархалтай хандах болно. Цаашдаа ч бид урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллаж, хамт урагшилна гэдэгт итгэлтэй байдаг.

ХөОГ байгуулагдсанаас хойш 16 жил өнгөрчээ. Гэтэл өнөөдөр хүртэх өгөөж нь ч тодорхойгүй, нэгдсэн ойлголтгүй, мэдээллээ ч тэнцвэртэй хуваалцдаггүй явсаар иржээ. Тэгэхээр хамгийн ойлгомжтой нэг зүйл бол ОТ төсөлд үнэлэлт дүгнэлт өгч, шийдвэр гаргах цаг нь болжээ.

Асуудлаа зөв тодорхойлж чадвал шийдэл, гарц, бодлогын чиг аяндаа тодорхой болдог билээ. Тодорхой тогтсон тоо, тооцололгүй гэрээ байгуулж, хууль тогтоомжийг зөрчиж, бүрэн хяналт тавихгүй явсан хариуцлагагүй үйлдлийг бид хэзээ ч давтаж болохгүй.  

Энэхүү сонсголыг үзэж суугаа олон нийт, монголчууд маань Та бүхэн дотроо юу мэдэрч, юу хүлээж байгааг маш сайн ойлгож байна. Та бүхнийхээ энэ төслөөс ямар их гэгээлэг ирээдүйг хүсэн хүлээж байсныг, бас хэрхэн цөхөрч буйг энэхүү хянан шалгалтын үеийн 5 сарын турш бид өдөр бүр мэдэрч ирсэн.

Энэ байгалийн баялаг чинь бидний өмч шүү дээ. Өвгөд дээдсийнхээ хамгаалж үлдэж, өнөөдрийг хүртэл бидэнд хадгалж авчирсан газар нутгийнхаа баялгийг монгол хүн хүртэх ёстой. Ард түмэн үр шимээ хүлээх нь аргагүй шүү дээ.

Энэхүү сонсголын үр дүнгээс хэрвээ шийдэл гаргахгүй бол, гарсан шийдэл нь биеллээ олохгүй бол энэ дотор суугаа хэнбугай ч ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой болно. Тэдний энэ хүртэл тэсч ирсэн бухимдлыг дийлэхгүй шүү гэдгийг хатуухан хэлье. “Төр төмөр нүүртэй” гэдэг үг ч бий. Ард түмнийхээ төлөө гаргах ёстой төмөр нүүр бол гаргаж л таарна.

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн, эерэг мөнгөн урсгал дөнгөж гарч эхэлж буй энэ цаг үед элдэв санхүүгийн схем, хяналтгүй алдаж асгахгүйгээр ард түмэндээ хүртээх боломжийг л бид бүрдүүлэх ёстой. Анх тохирсон 53 хувийн өгөөждөө хүрэх ёстой.

Гэхдээ энэ чухал асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж ерөөсөө болохгүй. Сэтгэл хөөрлөөр хандаад уурлуулсан нэгнээ алгадах амархан, гэхдээ алдсаныхаа дараа бид дандаа л харамсдаг. Өнөөдөр бид хөрөнгө оруулагч талаа хөөж гаргах, төслийг зогсоох гэж ярих нь зохисгүй. Энэ бол огтоос шийдэл биш.

Нөгөө талаас, дааж давшгүй, хэзээ ч биелэхгүй зүйл рүү өөрсдийгөө бас түлхэж болохгүй. Бидний шийдэл, шийдвэр БОДИТ, ҮР ДҮНТЭЙ, ХЭРЭГЖИХҮЙЦ байх ёстой.

Тиймээс манай ХШТХорооны зорилгод дурдсанчлан “Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-ийн төлөө нам, улс төр хамаарахгүйгээр, шинэ хуучин үе ялгалгүйгээр бид бүхнийг хамтдаа нэгдэж, хамтран шийдвэрлэхийг олон нийт, нийгэм хүсэн хүлээж байна.

Өнгөрсөн 16 жилийнхээ алдаанаас суралцаж, ирээдүй үе хойчдоо нүүр бардам байгалийн баялгийн өгөөжөө хүртээхэд бүхий л сэтгэл зүрхээ дайчлан зүтгэх нь энэ цагийн та бидний эрхэм үүрэг юм аа.

Гурван өдрийн турш цаг гарган хүрэлцэн ирсэн гэрчүүд, ажиглагчид, оролцогчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хамтран зохион байгуулсан УИХТГ-ын ажлын алба, хянан шалгагч, шинжээчиддээ, мөн ХШТХорооны эрхэм гишүүддээ, сэтгэлээ чилээн энэ хэдэн өдөр биднийг харан сууж, юу болж өнгөрснийг алдаа оноотой нь цэгнэн харсан монголын ард түмэндээ дахин талархалаа илэрхийлье" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна