Н.Наранбаатар: Голын хайрга олборлохыг хоригловол хөдөө орон нутагт бүтээн байгуулалт зогсох нөхцөл бүрдэнэ

Zuv.mn
1 цаг 57 минутын өмнө

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Хуульд одоо орж ирсэн чигээрээ батлагдвал сум орон нутагт бүтээн байгуулалт зогсох юм байна лээ. Сумын иргэд бүтээн байгуулалтаа хийхийн тулд голын ойролцоогоос хайрга, дайргаа олборлодог. Гэтэл жаахан бороо ороход л тэр газар нь гол болоод явчихдаг байхгүй юу. Тэгээд голын сав газраас хайрга олборлохыг хориглочихоор баахан хууль зөрчсөн хүмүүс л бий болох нь л дээ. Улаанбаатар, Туул голыг хамгаалах л зорилготой хууль юм биш үү" гэж асуув. 

Хууль санаачлагч Ж.Алдаржавхлан "Голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг бусад хуулиар одоо ч хориглодог. Энэ хуулийн гол ач холбогдол нь хэрвээ олборлох үйл ажиллагаа байгаль орчинд хөр хөнөөл учруулж байгаа бол иргэд өөрсдөө гомдол гаргаж, холбогдох байгууллагаас дүгнэлт гарах юм бол цуцлах эрхийг нээж өгч байгаа юм" гэж хариуллаа. 


ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Төсөл/

1 дүгээр зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй: 

 1/11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт: “11.1.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох;” 

 2/29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг: “29.4.Орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсч байгаа талаарх гомдлыг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.” 

 3/37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалт: “37.1.5.энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа талаар дүгнэлт гарсан.” 2 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн “бүсээс” гэснийг “бүс, усны сан бүхий газраас” гэж өөрчилсүгэй. 

 3 дугаар зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.3 дахь заалтын дугаарыг “11.1.3, 11.1.4” гэж өөрчилсүгэй. 

 4 дүгээр зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна