С.Цэнгүүн: Дэд сайд нар нюу хийхээ ойлгох гэж хэдэн сар болно

Zuv.mn
2 цаг 3 минутын өмнө

Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг үүрэгт ажилд томилсон даруйдаа сөрөг хүчнийхээ эсэргүүцэлтэй тулсан. 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Дэд сайд нарын асуудал 16 хүнд Засгийн газар цалинг нь өгч дийлэхгүй гэдгээс гадна бүтээмж, шийдвэр гаргалтын тухай асуудал нь илүү хүнд байгаа юм. 

Өнөөдөр 3.5 сая хүн амтай улсад 20 сайд байна. 30 гаруй хэрэгжүүлэгч агентлаг байна. Тийм хэр нь шийдвэр гаргах хүн олддоггүй. Дэд сайд нар нэмэгдээд хэний тушаалаар юу хийгдэх вэ гэдгээ дотроо ойлголцох гэж ахиад хэдэн сар болно. Доор нь ажиллаж буй төрийн албан хаагчид хоёр өөр хүнээс, хоёр өөр тушаал авна. 

Мэргэжилтэн байтугай газрын дарга нарт өөрөө шийдэх эрх мэдэл үгүй, бүх зүйлийг сайдын гарын үсгээр хийх ёстой гэдгээс үүдсэн шийдвэр гаргалтын процессын алдааг нэг сайдын ачаалал их гэж МАН дүгнээд байгаа. Үгүй дээ… Яам дээр байгаа хүмүүстээ шийдвэр гаргах эрхийг нь шат шатанд нь олгочих л доо. Төрд тушаал биелүүлдэг хүмүүс биш ухаалаг менежерүүд байвал төр цомхон, хурдтай ажилладаг болно.

Эрчим хүчний хомсдол. Улаанбаатар хотод хэт их хүйтрэлгүй өвлийг даваасай билээ гэж л залбирах үлдлээ дээ. Дулааны шугамын 30 хувь нь 30 жилээс дээш насжилттай, ачаалал нь хэтэрсэн. Цахилгааны хязгаарлалтыг оргил ачааллын үер 1-2 цагийн зайтаагаар хотод хийхээс өөр аргагүй. 

Гэр хороололд хамгийн их таслалтууд хийгдэнэ. Иргэд төлбөрөө төлсөн ч жилд 200 гаруй удаа цахилгаанаа таслуулж байгаа. Үнэ тарифт төр оролцдоггүй болж үнийг чөлөөлөх ёстой байтал зүгээр л үнэ нэмээд орхив. Өрсөлдөөнийг энэ салбарт оруулсангүй. Уг нь бүх бодлогын бичиг баримт дээрээ өрсөлдөөний зах зээлтэй болох ёстой гэдэг ч, хэрэгжүүлэхгүй байгаа хариуцлагыг хэн ч хүлээдэггүй. Хүчдэл тогтворгүйн улмаас олон цахилгаан бараа шатаж, ААН-үүд төрийн өмнөөс чанаргүй бараа зарсан буруутан болж хохирлыг нь барагдуулсаар. 

Үйлдвэрлэгч улс болж ажлын байр бий болгогч компаниудаа дэмжинэ гэж сайд нар нь ярьдаг ч ААН тариф дэлхийд байхгүй өндөр. Халаалтыг нь төрөөс өгч чадахгүй хэр нь өнөөх шахмал түлшээ заавал авахыг шаардана. Сүүлдээ ч бүр утааг арилгахгүй байх сонирхолтой хүмүүс байна гэж би боддог болсон. Өргөс авсан юм шиг энэ асуудлууд шийдэгдэхгүй ч ядаж Эрчим хүчний түгээх, хангах үйлчилгээг хувьчилж өөрсдөө хийж чадахгүй менежментийг хувийнханд боломж олгоод өгчихдөггүй. Эрчим хүчний яам өөрөө станц барих гээд 30 жил чадаагүй атлаа тархмал эх үүсвэр барих компаниудад зөвшөөрлийг нь өгдөггүй.

Энэ хооронд шинэ жилийн баяр…. Олон хүнтэй том зааланд, амтат хоол идэж, сайхан хувцаслаад хамтлаг дуучидтай хамт нэг үдшийг өнгөрөөх сайхан уу гэвэл сайхан. Шинэ жилийн баярын арга хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг байгууллага, урлагийнхан нь орлого олж байгаа нь энэ том хөөс дотроос хамгийн гэгээтэй зүйл. Бусдаар бол ирэх онд Хятадын эдийн засаг хэцүү, манай нүүрсний үнэ базаахгүй, инфляц нь дийлдэхгүй төр хувийн хэвшил байтугай энгийн хувь хүнд ч хэцүү тусах жил ирж байгаа нь айдас төрүүлэм. Тэр утгаараа ч юм уу, энэ жил юу болж бүтэж байгаа гэж, сүрлэг том баяр хийхийг ойлгохгүй л сууна. Уламжлал болсон арга хэмжээ учраас тасалдуулахгүй гэж бүх удирдлагууд хэрэндээ хичээх аж. Гэхдээ юуны төлөө.

Аливаа арга хэмжээ ямар нэг зорилготой байдаг. Байгууллагын шинэ жилийн арга хэмжээ хамт олны уур амьсгал сайжруулах үндсэн зорилготой байдаг. Одоогийн формат нь тэгвэл яг зорилгоо биелүүлдэг болов уу.

Нэг үеэ бодоход бие биетэйгээ өрсөлдөж хэн хамгийн баян тансаг хүлээн авалт хийх, гоё платье өмсөх үү гэдэг цаг үе дуусаж байгаа. Тойрог ширээнд чанга хөгжим дунд хоорондоо ч ярих боломжгүй суух биш ойр дотно ажилласан хүмүүстэйгээ хамт, тухтай хувцсаа өмсөөд халуун дулаан яриа өрнүүлж, хэлбэр биш агуулгаар нь шинэ жилийн баяраа тэмдэглэе гэхэд дургүйцэх хүн ховор л байх гэж боддог. Хаа хаанаа чамирхал биш, энгийн зүйлсэд Монголчууд дуртай болоод байгаа шүү дээ…



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна