Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр, хөдөлгөөнүүдийг Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ)-той хамтран үр дүнтэй хэрэгжүүлж, Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч 2025 оны “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-гаар Хил хамгаалах ерөнхий газрын хамт олон шалгарлаа.

Тус байгууллага нь 2025 онд Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран хийж гүйцэтгэсэн ажлын зарим онцлогоос дурдвал:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төв, Өвөрхангай аймгуудад зохион байгуулсан “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас дэвшүүлсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог боловсронгуй болгох, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, эдгээр үйлсэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байна.
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж, хилийн цэрэгт алба хаасан 60 гаруй бэлтгэл үүрэгтнүүдийг оролцуулж, ХЗЯ-ны шагналаар 5, ХХБ-ын шагналаар 23 хүнийг шагнаж урамшуулсан.
2. 2025 онд анх удаа “Шилдэг дайчин-2025” тэмцээнийг зохион байгуулсан нь төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа залуусын урам зориг, алба хаах идэвхийг сэргээх, тэднээр дамжуулан залууст эх оронч үзэл түгээх, цэргийн алба хаагчдыг нийгмийн идэвхтэй манлайлагч болгоход чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Тэмцээний ерөнхий дүнгээр ХХБ-аас оролцсон баг тамирчдаас “Хилийн цэргийн шилдэг дайчин”-аар ахлах түрүүч Б.Төрбаяр (Хилийн цэргийн 0252 дугаар анги), “Хилийн цэргийн шилдэг салааны захирагч”-аар ахлах дэслэгч П.Соёмбо-Эрдэнэ (Хилийн цэргийн 0252 дугаар анги) тус тус шалгарсан.
Тэмцээнд амжилттай оролцож "Шилдэг дайчин"-ны болзол хангасан гурван байлдагчийг тус бүр Өргөмжлөл, нэг сая төгрөгөөр, "Шилдэг салааны захирагч"-ийг нэг сарын үндсэн цалингаар шагнасан.
3. Монгол цэргийн нэгдсэн холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэг хамтран төрийн болон хууль сахиулах байгууллагын ахмадуудад нүдний хараа зүйн үзлэг оношилгоо хийж, харааны шил тааруулах, нар, салхины хамгаалалтын шил олгох хүмүүлэгийн ажлыг ХХЕГ, Өвөрхангай аймагт 2025 оны 9 дүгээр сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Мөн ХХЕГ-т зохион байгуулсан хараа зүйн үзлэг, оношилгоонд ХХЕГ-ын 300 гаруй ахмад настан, алба хаагчдыг хамрагдсан байна.
Энэ хугацаанд ХХЕГ хүмүүнлэгийн багийн 9 хүний 4 хоногийн зочид буудлын зардал, орон нутаг болон хот дотор үйлчлэх автомашиныг гаргаж дэмжлэг үзүүлсэн байна.
4. “Эх оронч үзэл-үндэсний бахархал – Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” сэдэвт чуулга, уулзалтыг Монголын үндэсний их сургууль, Төмөр замын дээд сургуульд зохион байгуулахад ХЦДБЧ-ын дуучид, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор, дэд профессор, хурандаа Б.Лувсанравдан нар оролцлоо.

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо, Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд "Эх орончдын мөнх ногоон төгөл" байгуулахаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад дайчид, алба хаагчид, оюутан залуусыг оролцуулан мод тарих ажлын хүрээнд Хил хамгаалах байгууллагын ахмад ажилтнууд нарс, гацуур, шинэс, үхрийн нүд, голтбор, агч зэрэг 6 төрөл зүйлийн 700 гаруй мод тарилаа.
6. Дэлхийн энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан МЦНХ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон андагч нарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Энэ үйл ажиллагаанд Хил хамгаалах байгууллагын хурандаа Д.Ганхуяг урилгаар оролцуулсан.
7. МЦНХ-оос зарлан явуулсан "Цэргийн нөхөрлөл” яруу найргийн уралдаанд ХХЕГ-аас 104 алба хаагч бичсэн шүлгээ ирүүлж, тэргүүн байранд ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцах албаны дарга хурандаа Г.Чинзоригийн бичиж ирүүлсэн “Зүрхэн гагнаас”, гуравдугаар байранд ХХЕГ-ын 0130 дугаар ангийн дэслэгч Б.Шаалавхүүгийн “Цэргийн нөхөрлөл”, ХХЕГ-ын 0311 дүгээр ангийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ч.Болор-Эрдэнийн “Миний цол” шүлэг тус тус шалгарсан.
8. Цэргийн анги, байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан төрийн одон, медалиар шагнагдаагүй ахмад хилчдээс төрийн дээд одон, медалиар 11 хүн шагнууллаа.
9. Монгол Улсын халдашгүй дархан байдлын төлөө залуу халуун насаа зориулж буй хилчдэд дулаан, тохилог орчныг бүрдүүлэх зорилгоор МЦНХ-ны дэргэдэх “Зэв залуусын холбооноос Хилийн цэргийн 0243 дугаар ангийн … дугаар салбарын нэгэн залуу гэр бүлд 55 м² орон сууцыг бэлэглэсэн. /халуун, хүйтэн устай, дотроо усанд орох боломжтой, цэвэр бохирын бүрэн шийдэлтэй, интернэт, ДДШ телевизтэй, шалнаасаа халдаг системтэй, иж бүрэн тавилгатай, хувь хүний хөгжлийн шилдэг борлуулалттай 100 ном бүхий мини номын сантай, бие бялдрын хөгжилд зориулсан иж бүрэн туухай, хэрэгслүүдтэй/.
10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал", “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжиж, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад ажилтнуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээг хангуулах зорилгоор хүнсний ногоо тариалах аргачлал, технологийн сургалтыг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулав.
Сургалтад нийт ХХБ-аас тэтгэвэр чөлөөнд байгаа цэргийн ахмад ажилтнууд 6 хүн оролцсон бөгөөд тэдгээрт жимс, жимсгэнийн мод, хүнсний ногоо тарих сургалтын 9 гарын авлага болон 11 төрлийн /Шар манжин, хүрэн манжин, лууван, бууцай, улаан лооль, байцаа, өргөст хэмх болон Солонгос 4 төрлийн үр / өрхийн 2 жилийн хэрэгцээг хангахуйц хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй гардуулан өгсөн.
11. Монгол цэргийн нэгдсэн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд илүүдэл эд зүйлсийн соёлыг дэлгэрүүлэх зорилгоор өөрийн байранд “Хандивын булан” байгуулж, илүүдэл хувцас, хүүхдийн тоглоом, ном, бусад эд зүйлс хүлээн авч, хэрэгцээ тусламж шаардлагатай иргэдэд хүргүүлэх, өөр хоорондоо хандивын ном, эд зүйлсээ солилцох боломжийг бүрдүүлэх сайн үйлсийн аяныг тасралтгүй зохион байгуулсаар байна. Хандивын аяны хүрээнд ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ШШГЕГ-ын харьяа нэгжүүд, ДХИС, ҮБХИС-д нийт 2884 ширхэг ном, эд зүйлс хандивласны зэрэгцээ тусламж шаардлагатай иргэдэд 900 гаруй эд зүйлсийг өнгөрсөн хугацаанд хандивласан.
12. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад дайчид, алба хаагчдад Монгол цэргийн өдрөөр Монгол улсын Ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлдэг “Цэргийн андууд-2025” арга хэмжээнд ХХБ-аас харьяа 100 ахмад дайчин, алба хаагч оролцож, бүтээлч ажлынхаа үзэсгэлэнг дэлгэж, идэвхтэй дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна