Зүрх, судасны төвийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Zuv.mn
2 цаг 12 минутын өмнө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улс зүрх судасны өвчинтэй холбоотой сэргийлж болох нас баралтыг 40 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ зорилтыг биелүүлэхэд Зүрх судасны Үндэсний төв байгуулах төсөл чухал ач холбогдолтой.  

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт 120 ортой эмнэлэг барихаар төлөвлөж байгаа юм.

Эмнэлэг баригдсанаар мэс засал, үзлэг, оношилгооны өрөө 2-3 дахин нэмэгдэнэ. Бие даасан яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болно. Мөн лаборатори, дүрс оношилгооны хэсэг, хоол, ариутгал зэргийг давхардуулан бий болгох шаардлагагүйгээр эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлнэ.

Одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна. 475 сая ам.долларын асуудал яригдаж байгаа бөгөөд аймгийн төвүүдийн нэгдсэн эмнэлгийн шинэчлэл, онцгой байдлын албыг чадавхижуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлд ашиглагдах юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна