10 гаруй жилийн өмнө нефть бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд УИХ, Засгийн газар, холбогдох албан тушаалтнууд Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ. “Яагаа вэ, Б.Ариунсан үнэ хөөрөгддөг” гэвэл хүмүүс илүү санаж ч мэднэ. Төр нефть импортлогчдыг орлогын албан татвар, НӨАТ-аас чөлөөлчихсөн, онцгой албан татвар л үлдчихсэн байсан үе.
Болоогүй, үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн хэрэг дэгдэж, 10 тэрбум төгрөгийн торгууль тавих асуудал бас яригдаж байх үед болсон тэр хэлэлцүүлэг дээр Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар гэгч “10 тэрбумын торгууль төлж чадахгүй шүү. Авах юм бол ардуудаас чинь буцааж авна шүү” хэмээн илт заналхийлсэн өнгөөр ярьж, УИХ, Засгийн газрын гишүүд ч “Ер нь онцгой албан татварыг нь ч гэсэн чөлөөлчихвөл яасан юм бэ” гэлцэж байж билээ.
Ард түмэнд таалагдах гэсэн зарим нь “Татаас өгсөн ч болохгүй юмгүй, ард түмний амьдрал хүнд байна” хэмээн цээжээ дэлдээд ч амжсан юм даг.
Харин нийгэмд “Нефть бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг үгүй болгох“, “Бүхэлд нь төр хариуцах” гэсэн хоёр эрс, тэс сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байв.
“Нефтийн импортод төрийн монополийг тогтоох” гэсэн анхаарал маш татсан хуулийг Б.Батбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд санаачилсан ч удаатай. Тэр нь маш товчоор хэлбэл “Нефть импортыг төр мэдэлдээ авч, хувийн хэвшлийнхнээр жижиглэн худалдааг нэг үнээр хийлгэдэг болох” явдал байв. Энэ хуулийг санаачилсны дараа нефть импортлогчдын толгойг илэхээр завдаж байсан Засгийн газар татаас өгөх санаанаасаа буцсан юм. Өөрөөр хэлбэл, сүрдүүлэх арга хэрэглэж байж татаас өгөлгүй үлдсэн гэсэн үг.
Түүнээс хойш төр нефть импортыг өөрөө хариуцах асуудал яригдсангүй. Харин чөлөөлж, тусгай зөвшөөрлийг үгүй болгох асуудал яригдсаар өнөөдрийг хүрч байна.
Үнэ чөлөөлснөөр нефть импортын салбарт хөрөнгө оруулалт хийгдэж, өрсөлдөөн нэмэгдэнэ. Эхэндээ үнэ нэмэгдэх ч тасалдал гарах эрсдэл бараг 100 хувь үгүй болно. Харин яваандаа өрсөлдөөнөөс үүдэлтэйгээр үнэ буурч, хэвийн хэмжээндээ бууна. Энэ бол хууль.
Одоо хотод үүсээд байгаа шатахууны дутагдал бол уул уурхайн компаниуд буюу бөөнөөр худалдан авагчдад нийлүүлэлтээ түрүүлж өгсөнтэй зарим талаар холбоотой гэдгийг Г.Дамдинням сайд хэлсэн.
Үнэндээ ч уул уурхайн том хэрэглэгчид жижиглэнгийн үнээс хамаагүй хямд бензин, шатахуун хэрэглэдэг, худалдан авалтаа түрүүлж хийдэг. Улс орны эрх ашигаа бодвол тэр нь ч зөв. Харамсалтай нь, нефть импортлогчид тэрхүү том худалдан авагчидтай урт хугацааны гэрээ хийхийн тулд өрсөлдөж үнээ буулгаж байгаа хэр нь жижиглэнгийн зах зээлд үнээр өрсөлдөхгүй, бараг л том худалдан авагчид дээр өрсөлдөж багасгасан ашигаа жижиглэн худалдаанаас нөхөх маягийн увайгүй бодлого барьж байгаа нь гол асуудал юм.
Том хэрэглэгчдэд бөөнөөр нь хямдхан зарсан ч ашиг олж байна гэдэг чинь жижиг хэрэглэгчдэд ч үнээ хямдруулж зарах боломж байна л гэсэн үг шүү дээ.
Засгийн газрын байр суурь хэврэг, унагахад амархан ч юм шиг уур амьсгал чухамдаа шатахуунаас болж байгааг бүгд харж байна. Шатахуун хомсдох юм уу, үнэ жаахан хөдлөхөд л иргэд нь нефть импортлогчидоо алгасан Ерөнхий сайд, салбарын сайд руугаа руугаа ханддаг гажуудлыг шийдмэг алхам л хийж байж засна. Шуудхан хэлэхэд нефть импортлох эрхийг тусгай зөвшөөрөлгүй болгоод чөлөөлчихөөч, Г.Дамдинням сайд аа. Тэдний лобби хүчтэй ч ядаж яриад яваач гэж танаас хүсэж байна. Хэдхээн нефть импортлогчийг хэдий болтол эрхлүүлэх юм бэ. Эгнээг нь өргөжүүлээд хаячихъя л даа.
Тэртэй тэргүй шаталсан татваруудаараа дамжуулаад төр хангалттай оролцдог шүү дээ. Шатахуун Монголын улс төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг байдлыг таслан зогсоох ганц арга нь одоо чөлөөлөлт л байна шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна