Л.Энх-Амгалан: Хардлага, сэрдлэгээ хойш тавиад өмч хувьчлалаа явуулсан шиг явуулъя

Zuv.mn
4 цаг 17 минутын өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр Зсгийн газраас өргөн барьсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ үеэр Монголын эрх баригчид Сингапурын “Темасек”, Норвегийн баялгийн сан хор дээр хамгийн олон удаа очиж туршлага судалсан ч ажил хэрэг болгож чадаагүй байгааг шүүмжлэв.

Тэрбээр “Сая С.Бямбацогт сайд Сингапурын Тимасек дээр очоод ирсэн байна лээ. Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Сингапурт очиход “Темасек” сан дээр 108 дахь удаагийн зочид ирсэн. “Та нар төрийн өмчийнхөө өөрчлөлтийг одоо хүртэл хийгээгүй юм уу” гэж асуусан.

Дэлхийн хэмжээнд манай Монголын хамгийн их очсон компани бол “Темасек”, Норвегийн баялгийн сан хоёр. Маш их судалсан, маш их мөнгө зарсан. Эргээд ямар ч үр дүн байхгүй. Одоо нөхдүүд минь зориг гаргаж, хардлага сэрдлэгээ хойш тавьж үнэхээр өмч хувьчлалын бодлогоо явуулбал явуулсан шиг явуулах хэрэгтэй.

Маш их ярьлаа, маш их хардаж сэрдлээ. Та бүхэн санаж байгаа бол Байлийхүү гуай гэж төрийн өмчийн хороонд насаараа ажилласан хүн бий. Энэ хүн бол бүх зөвлөх үйлчилгээний хэдэн боть номыг эмхтгэсэн. Жаахан дэгсдүүлбэл та нарт нэг аймгийн номын сангаас ч илүү гадны зөвлөх үйлчилгээний дүгнэлт бүхий ном бий.

Одоо бид шийдвэрээ гаргаж, арга хэмжээ авахгүй бол Төрийн өмчийн Цэнгэл дарга яг Байлийхүү гуай шиг хэдэн боть ном тэврээд тэтгэвэртээ гарна. Тийм учраас төрийн өмчийн бодлогын асуудал дээр 126 гишүүнтэй болсныхоо үр дүнг гаргамаар байна” гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна