Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Мөнхсайхан оны өмнөхөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатарын хажууд очихоор болсон гэх мэдээлэл цацагдаад байна. Угаас улс төрийн хүрээнд Д.Мөнхсайханыг Г.Занданшатарын ойрын хүн гэж ярьдаг. Гэхдээ хууль шүүхтэй хэдэнтэй холбогдсон хүнийг арай ч өндөр тушаалд тавихгүй байлгүй гэцгээж байна.
Баянхонгор аймгийн Засаг даргаар удтал ажиллахдаа хэд хэдэн удаа АТГ-т шалгагдаж, авлигын хэрэгт холбогдож байсан юм.
Намтрыг нь сийрүүлбэл, "Долгорсүрэн овогтой Мөнхсайхан 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус, тус төгссөн. Ажлын гараагаа Аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтнаар эхэлж, "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллагад Салбарын зохицуулагч, "Монгол шуудан" ХХК-д салбарын захирал, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, "Их богд зам" ХХК-ийн захирал, "Эрдэнэс монгол" ХХК-ийн Санхүүгийн газрын захирал, Баянхонгор аймгийн Засаг даргаар тус, тус ажиллаж байжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ "Хөвших" ХХК, "Хөвших-Од" ХХК, "Ихбогд зам" ХХК, "Унат" ХХК зэрэг компаниудыг бүртгүүлж байжээ. Эндээс хамгийн их анхаарал татах компани нь "Ихбогд зам" ХХК.
Тус компанийг эхнэр Д.Одсүрэн нь таван хүний хамт анх байгуулж, Д.Мөнхсайхан өөрөө захирлаар нь ажиллаж байсан. Одоо тус компани Г.Цогтбаатарын нэр дээр бүртгэлтэй байгаа. Д.Мөнхсайхан 2022 он хүртэл тус компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байгаад 2023 оноос хойш мэдүүлээгүй байна.
"Ихбогд зам" ХХК нь 2015 оноос хойш 42 тендерт шалгарсан байна. 2020 оноос Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн засаг даргаар ажиллаж эхэлсэн гэж тооцоход дээрх тендерүүдийн дийлэнхэд Д.Мөнхсайхан ИТХ-ын төлөөлөгч, аймгийн засаг даргын албан тушаал хашиж эхэлснээс хойш шалгарсан байгаа юм. 2020 оноос хойш шалгарсан тендерүүдийг тооцож үзвэл 17 тэрбум давж байгаа бөгөөд улс төрд нөлөө бүхий этгээд хамаарал бүхий компаниараа төсвийн тендерүүдийг түүсэн баримтыг та бүхэнд хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна