Ард иргэдийнхээ эрх ашгаас урвадаг Статистикийн хорооны дарга Б.Батдавааг даруй өөрчилье

Х.Батсайхан
22 цаг 23 минутын өмнө

-Амьжиргааны баталгаажих доод түвшинг инфляцийн хэмжээнд барих нь эрх баригчидтай хуйвалдсанаас ялгаагүй-

Статсистикийн хороог хүмүүс зүгээр л болж өнгөрсөн үйл явцыг тоогоор илэрхийлдэг л байгууллага гэж боддог. Үнэндээ бол энэ байгууллагад хуулиар олгогдсон асар том эрх, эрх баригчдад үзүүлэх жин нөлөө бий. Харамсалтай нь, ард түмнийхээ талд байвал улсын хөгжилд ч үүрэг гүйцэтгэх боломжтой энэ байгууллага үргэлж эрх баригчдын талд үйлчилж ирлээ.

Тус байгууллагыг 2021 оноос хойш Б.Батдаваа удирдаж байгаа. “250,000” ам.доллар бол нэг их мөнгө биш” гэж мэдэгдэн олон нийтийн анхааралд өртөж байсан энэ нөхөр “Нүүрсний сонсгол”-ын гол дүр Ц.Амгалан гэгчийн нөхөр гэдгээр дахин олон нийтийн өмнө гарч ирсэн байдаг. “Нүүрсний хулгай” гэгч зүйл тээвэр дээр голчилж явагдсан гэдгийг монголчууд өдгөө мэддэг болсон. Тэгвэл Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан энэ салбарт олон компани удирдаж байсныг монголчууд “Нүүрсний сонсгол”-ын үеэр харсан. Нэг үгээр, Б.Батдаваа бол баян хүн. Ийм хүн яагаад бага цалинтай төрийн албанд энэ олон жил ажиллаж байгаа вэ гэлдэг асуултын хариуг чухамдаа Үндэсний статистикийн хорооны эрх, үүрэг, ард түмний талд, эсвэл эрх баригчдын талд үйлчлэх боломжтой холбож хардах үндэслэл байна.

ҮСХ үеийн үед л эрх баригчдын тал үйлчилж ирсэн. Энэ нь нөгөө талдаа ард иргэдийнхээ эрх ашгаас урваж байгаа гэдэг утгыг агуулдаг.    

Хамгийн бодитой жишээ нь, өдрөөс өдөрт муудаж байгаа иргэдийн амьдарл, амьжиргааны доройтол.

Монгол Улсын "Хүн амын амьжиргааны доод тувшинг тодорхойлох тухай" хуулийн 5 дугаар зүйлд "Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно" гэж заасан бөгөөд энэ нь цалин, тэтгэврийн нэмэгдэл гэх мэт Засгийн газрын үүрэх ёстой ачаа, хийх ёстой ажлыг тогтоож, иргэдийн амьдрал ирэх жил сайжрах уу үгүй юу, хэр зэрэг сайжрах юм бэ гэдгийг шийдэх маш чухал үүрэгтэй тоо байдаг.

Тэгвэл ҮСХ амьжиргааны баталгаажих доод түвшинг инфляциас хэлэхэд ичмээр хэмжээгээр л давуулж, нарийн тооцож үзвэл бараг нэмэхгүй явж ирлээ.


Тухайлбал, 2025 онд амьжиргааны баталгаажих доод түвшинг 495,400 төгрөг /Улаанбаатар хотынхоор авав/ хэмээн 2024 оныхоос  9 хувиар нэмж /2024 онд 454,200 төгрөг/ тогтоожээ. Б.Батдаваа даргын гарын үсэгтэй бичиг нь нээлттэй эх сурвалжид байна.


Тус байгууллагаас 2024, 2025 онд инфляцийг 8.1, 8.2 хувьтай гэж тооцоолсон. Ингээд бодохоор амьжиргааны баталгаажих доод түвшингийн зардлыг бараг л нэмэгдүүлээгүйтэй ялгаагүй юм.

ҮСХ 2026 онд амьжиргааны баталгаажих доод түвшинг дахиад тогтооно. Энэ онд цахилгаан станцуудыг хувьчлах ажил явж магадгүй байгаа. Энэ бол цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усны төлбөр нэмэгдэхийн дохио. Өмнөх жилүүдийн инфляцид орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь буюу хамгийн ихээр нөлөөлж байсан.

Тиймээс 2026 оны амьжиргааны доод түвшинг тогтоохоос урьтаж, иргэдийнхээ талд байж чадаагүй, чадахгүй гэдгээ харуулсан Б.Батдаваа даргыг өөрчилж, өөр хүн томилбол хүлээгдэж байгаа үйл явдлыг урьдчилан харж, Б.Батдаваа даргын үед тогтоод байсан, зөвхөн инфляцитай тэнцүүлэх, ор нэрийн төдий илүү гаргах биш, мэдэгдэхүйц өндөр тогтох болов уу.

ҮСХ-г Засгийн газар томилдог ч хэн даргаар очсоноос шалтгаалаад ҮСХ нь эрх баригчдын "Нохойд барьдаг мод" биш, эрх баригчдыг шавдуулдаг "Ард түмний ташуур" ч байж болно.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна