Хүмүүс дэд сайдыг хуучны орлогч сайдтай эндүүрч, сайдыг эзгүйд орлох эрхтэй мэтээр ташаа ойлгоод уджээ. Үнэндээ бол хуульд тийм утгатай нэг өгүүлбэр байтугай үг ч байхгүй. Тиймээс томилгооны өмнө зарим улстөрчийн шалтгаан болгож дурдаад байсан “Дэд сайд Засгийн газрыг төлөөлж гаднынхантай асуудал шийдээд явна” гэлэг огтын худал юм.
Хуучны орлогч сайдтай бол ярих юм алга. Харин шинэ үеийн, сайдыгн орлох эрхгүй учраас орлогч биш, “Дэд” гэдэг тодотголтойгоор бий болсон албан тушаал бол зорилго нь улс төрийн намын мөнгөөр дэмжсэн бизнесмэнүүдийг “сэтэрлэх” явдал байсан. Н.Энхбаярын бодож олсон энэ овжин санааны үрээр Сү.Батболд гэх мэт нөхөд анх улс төрд хөл тавьсан түүхтэй.
2004 онд сайдын эзгүйд үүрэг гүйцэтгэх заалт оруулсан ч 2015 онд хассанаар “мөнгөний” ач холбодол нь эргээд өндөрссөн. Дэд сайдтай танхим бүрд л бүгд биш гэхэд мөнгөний ганц хоёр дэд орж ирсээр дасал болсон гэж болно.
Энэ удаад ч тэгсэн гэж батлахгүй ч төрийн захиргааны байгууллагад ажилласан туршлага муутай, бага залуучуудынх нь эцэг эх бийлэгжүү, боломжийн албан тушаал хашиж байсан намтартай.
Сая засаг унагах үед хүчин зүтгэсэн хүмүүсийн гар хөл болсон нөхдүүд ч шургалсан харагдсан.
Үнэхээр ажил хийлгэе, төрийн албыг нугалъя гэсэн бол тэднээс дээр боловсон хүчин олдох байсан гэдэгт эргэлзэх юм алга. Тэгэхээр, дэд сайдаар томилогдох шалгуур сайдад таалагдах болохоос төрийн албаны шалгуур лав биш.
Дэд сайд нар томилогдоод 20 гаруй хоночихлоо. Зарим нь галтай сэдвийг нь өөр дээрээ авч, сайдынхаа чихийг амраах үүргээ биелүүлж байгаа бол зарим нь пи ар хөөцөлдөж, албан тушаалаа улстөрчийн гараа гэж санан, эхлүүлэх маягийн юм бодож яваа бололтой байцгаана.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн шийдвэр гараагүй асуудлыг олон нийтэд дэлгэн дуулиан тарьж ч амжив. Энэ мэт байгаа байдлаас нь харвал яамдууд дэд сайдгүй ажилласан ч өлхөн дөнгөх мэт. Гэтэл сөрөг хүчнийг ч сөхрүүлж, сэдэв сэлгэн насаа сунгуулж байхыг бодоход дэд сайдууд зөөлхөн боорцогнууд лав биш дэг.
Томилгоо анх яригдахад сүртэй гэгч нь эсэргүүцэж боссон Ардчилсан нам эрх баригчидтай хамтран жил нухаад ч амжихааргүй том сэдэв барьж авснаар дэд сайд нараас нэг хэсэгтээ л салж чадахааргүй болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна