Дундговь аймаг гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дээшлүүлэх чиглэлд тэргүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, байгаль орчин, айл өрх, нийгэм, эдийн засагт учрах гамшгийн хор хохирол болон гамшгийн дуудлагын тоог өмнөх онтой харьцуулахад 54 хувиар бууруулж ажилласан байна.
Энэхүү бодит үр дүнг өндрөөр үнэлж, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны манлайллаараа 21 аймгаас тэргүүлсэн хэмээн дүгнэж, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунд талархал гардууллаа.
Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга С.Мөнхчулуун өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах зорилгоор өвөлжилт хүндэрч буй сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, Дундговь Онцгой Байдлын газар Говь-Угтаал суманд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлэг байгуулах, мөн гал түймэр унтраах зориулалтын болон туулах чадвар сайтай автомашинаар хангах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягт албан ёсоор хүргүүлэв.
Мөн Засаг дарга С.Мөнхчулуун хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэхүү шагнал, талархал нь ганц Засаг даргын үйл ажиллагааны үр дүн бус, харин ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйлсэд өдөр, шөнөгүй ажиллаж буй аймгийн Онцгой байдлын газрын нийт алба хаагчдын хамтын хичээл зүтгэлийн бодит үр дүн гэдгийг онцлон дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна