“Макс”-ын хэмээх Д.Ганбаатар Говь-Алтайн ИТХ-ын төлөөлөгчдийг АНУ-д зугаалуулжээ

Х.Батсайхан
2026/01/14

“Макс групп”-ын эзэн Д.Ганбаатар Говь Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг АНУ-д зугаалуулжээ. Хэчнээн хүнийг авч явсан нь тодорхойгүй, гэхдээ ямартай ч ИТХ дахь Ардчилсан намын талын 21 хүнийг авч явсан гэсэн мэдээлэл байна.

Олдоц элбэгээрээ дуулиан тарьж, монголчуудыг хуйлруулж байсан алдарт Бигэрийн алтны ордыг ил, далд арга хэрэглэн өөрийн болгож байсан, тэндээс олсон ашгийнхаа “хорыг нь гаргахын тулд” л Говь-Алтай-Баянхонгорыг холбосон хатуу хучилттай зам барьсан гэгддэг Д.Ганбаатар аймгийнхаа дарга, удирдлагуудад ийнхүү бийлэгжүү хандаж байгаад ямар нэгэн учир байна гэж нутгийнхан хардаж байгаа аж.

Учир нь, айлын өвөлжөөний үнс асгадаг газрын ойролцоо анх илэрч, алтны “нинжа” нар ухаж байсан Бигэрийн алтны ордыг “Макс” групп тухайн үеийн Говь Алтай аймгийн ИТХ-аар шийдвэр гаргуулан өөрийн болгосон бөгөөд Говь-Алтай, Увсын 1000 шахам цагдааг дайчлан бараг дээрэмдэж авсан. Харамсалтай нь, Монгол даяар дуулиан тарьж байсан энэ баялаг орд Бигэр сум, нутгийн иргэдэд наалдсан нь бага, харин шийдвэр гаргасан ИТХ-ын төлөөлөгчид үүнээс хойш юмжиж, хот, хөдөөд үл хөдлөх хөрөнгөтэй болсон байдаг. Тиймээс “Макс” группын эзэн ИТХ-ын төлөөлөгчдийг гадаадад аялуулж байна гэдэг нутгийн хөгжилд ашиггүй, Д.Ганбаатар болон ИТХ-ын гишүүн дарга нарт ашигтай ямар нэг юм болох гэж байгаа буюу болоод өнгөрсөн гэж хардах нь зүй ёсных биз.

Д.Ганбаатар нь Бигэрийн алтыг ухаж дууссаныхаа дараа “Хан Алтай ресурс” компаниараа Есөнбулаг сумын нутагт орших “Хан Алтай” алтны үндсэн ордыг 2022 оноос ашиглаж эхэлсэн. “Хан Алтай” бол 85.4 тонн алтны нөөцтэй, шууд хэлэхэд Стартегийн ач холбогдолтой орд. Стратегийн орд болох Бороогийн алтны ордыг хоёрыг нийлүүлснээс ч илүү нөөц тогтоогдсон уг ордыг төр анхааралдаа авахад гэмгүй.

Говь-Алтай аймаг бол газрын тогтцын хувьд Өмнөговийн алт, зэсийн том ордууд агуулсан давхаргын шууд үргэлжлэл, ирээдүйд тогтоогдох нөөцөөрөө “Монголын үүц” гэж нэрлэгдэх бүрэн боломжтой нутаг. Одоо ч “Макс” группын “Хан Алтай ресурс”, “Маркополо”, Мандал Алтай, “Алтайн хүдэр” зэрэг том компаниуд үйл ажиллагаа явуулж, алт, төмрийн хүдрийг өдөрт хэдэн мянган тонноор нь олборлодог.

Гэвч орон нутаг нь хөгждөггүй. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр аймгуудаас сүүл мушгидаг. Дарга удирдлагууд нь өөдгүй. Иргэдийнхээ мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглаж, замаас нь мөнгө завшсан хамгийн ёс суртахуунгүй хэргүүд эндээс л дуулддаг.

Бид өчигдөр Говь Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат нь орон нутагт уул уурхайг байгаль орчин, хүн ардад ээлтэй хөгжүүлэх үүрэг бүхий зөвлөлийг байгуулахдаа холбогдох хууль, тогтоолыг зөрчсөн талаар мэдээлсэн. Түүнд аймаг орон нутаг уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх 64 гэрээ байгуулснаас 20-ийг нь ил тод байршуулж, 44 гэрээг ил тод болгоогүй нь хардлага дагуулж байгаа талаар дурдагдсан бол энэ удаад аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН төрийн байгууллагын дарга нарыг авлигын шинжтэйгээр гадаадад аялуулсан талаарх мэдээллийг хүргэлээ /Зураг: Зүүн гар талаас Г.Чинбат, Д.Ганбаатар нар/. Говь Алтай аймаг хөгждөггүйн шалтгаан энэ мэт, дарга нарын дураараа үйлдэл, аялал зугаалгын цаад нөлөө байдаг ч байж болох юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.71
    2026/01/16

    Ганбаатар гэж цадаж ханадаггүй хүн байнаа Говь Алтайг ганцаараа идээд барахнээ одоо дахиад ч өөр суманд идэх гээд байж байна

    Хариулах
  • 66.181.186.143
    2026/01/14

    Говь-Алтайн дарга, Амгаланбаатар нар арай ч дээ. Амгаланбаатарын сонгуульд 7 тэрбумыг Макс өгсөн гэсэн гэж олон хүн ярьж байна лээ. Одоо бүр хурлын төлөөлөгч нарыг зугаалуулж тансаглуулдаг болж.Та нар ард түмнийг мөн ч их доромжилж байна даа

    Хариулах
    • 192.82.91.142
      2026/01/14

      Говь-Алтайн дарга нар болон тэргүүн баячууд Ганбаатар тэргүүтэн нар нэг нартай өдөр хүртэх шангаа хүртэж ар гэр ахан дүүсээ баллах цондон нь ойртож байгаа юм аа даа.Болгоомжтой л байгаарай лус савдаг хөмрье гэвэл асуудал байхгүй ш дээ.