О.Цогтгэрэлийн шинэчлэл хийх хүсэл фракцуудынхаа эрх ашгийг давах уу, эсвэл...

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл эхлэхэд есхөн хоног үлдлээ. Дарга О.Цогтгэрэл нь энэ сарын 15-нд хийсэн мэдэгдэлдээ “Ардчилсан нам энэ удаад гишүүддээ үзэл санааны шалгуур тавина” гэж мэдэгдсэн нь “АН эцэстээ дотор нь шургалсан зүүнтнүүдээсээ салах нь” гэсэн сэтгэгдэл төрүүлээд буй. Тэрбээр “Гишүүддээ ардчилсан үзэл санаа тээгч болохыг нь бататгасан, чип бүхий гэрэгэ олгоно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ардчилсан намын гишүүн гэдгээс хальж, статус нь ардчилсан үзэл санаа тээгч гэсэн илүү өргөн хүрээнд болж байгаа. Намд үзэл санааны том шинэчлэл хийнэ” гэсэн нь энэ таамгийг яг баталж буй.

 Гишүүдийн шинэчилсэн бүртгэл дууссаны дараа дотоод сонгуулиуд болж, улмаар Их хурал хуралдан ЕНБД зэрэг тодорхой албан тушаалд ажиллах хүмүүсийн нэрс тодрох юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам үнэхээр гишүүдээсээ эхлээд баруун төвийн үзэл баримтлалтай, ахамгийн гол нь нэгдмэл нам болж чадах эсэх нь ойрын гурван сарын дотор тодорхой болох учиртай.

Нэг нам, нэгдмэл нам болох асуудалд яагаад ач холбогдол өгч байна вэ гэвэл, Ардчилсан нам нь олон намын нэгдэл болж байгуулагдсан гэдэг утгаараа фракцуудын эрх ашиг өндөрт тавигдаж ирсэн. Тэдгээр фракцуудын лидерүүд дотор баруунтан ч бий, зүүнтэн ч бий. Гэсэн ч эрх ашгийг нь хангасаар ирсэн практикаасаа салж чадах уу гэдэг нь АН-ын шинэчлэлийн гол асуулт юм.

Тэгэхээр, ирэх сарын 1-нээс эхлэх гишүүдийн шинэчилсэн бүртгэлээс эхлээд АН-ын шинэчлэлийн үр дүнг таамаглах боломж гарч ирнэ. Ардчиллын нэр дор нуугдсан зүүнтнүүдэд хэрхэн хандах, үзэл санааны босго хэр өндөрт тавигдах вэ гэдгээс АН-ын үзэл санааны нам уу, О.Цогтгэрэлийн эхлүүлж буй шинэчлэл бодитой юу, Ардчилсан нам үнэхээр үзэл баримтлалын хувьд нэгдмэл улс төрийн хүчин болох уу, эсвэл ардчиллын нэрийг барьсан хүмүүсийн нэгдэл хэвээр үлдэх үү гэдэг нь харагдах учиртай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна