МАН-ын эмэгтэйчүүдийн дунд Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны даргын төлөөх зодоон эхэлжээ

Zuv.mn
1 цаг 28 минутын өмнө

МАН-ын даргын зодоон доод шатанд шилжин үргэлжлэх талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэдгээр бүтцүүдийн нэг нь намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болжээ.

Монгол Улс улс төр дэхь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байгаа. 2024 оны сонгуульд нийт нэр дэвшигчдийн 30 хувийг эмэгтэйчүүдэд өгсөн бол 2028 онд 40 хувь болж нэмэгдэнэ. Эрх баригч намын дэргэдлэх эмэгтэйчүүдийн байгууллагын ач холбогдлыг эндээс ойлгож болох биз. Эмэгтэй гишүүдийн нам дотор эзлэх байр суурийг тодорхойлдог гэж болох энэ байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажилладаг. Тэрбээр 2023 онд сонгогдсон, дүрэм ёсоор 2027 он хүртэл ажиллах ёстой ч дээд талд эрх мэдэл нэг бүлэглэлээс нөгөө бүлэглэлд шилжсэн гэдэг утгаараа ялсан талын хүүхнүүд холбооныхоо удирдлагыг гартаа авахаар адгаж, сар шинээс урьтан санасандаа хүрэхээр “чичирч” байгаа аж.

Х.Булгантуяагийн орыг залгах боломжтой хүнээр харин УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Б.Батцэцэг нар өрсөлдөнө гэсэн сураг гарчээ.  

Тэд улс төрд хоёул “Ерөнхийлөгчийн” гэсэн шошготой явдаг. Д.Үүрийнтуяагийн хувьд, улс төрд орохоосоо өмнө “Эрдэнэт” УБҮ-ийн удирдлагын багт хэл амтайхан л байсан нэгэн. УИХ-д анх удаа сонгогдсон, туршлага багатай ч МАН-ын даргын төлөөх “зодоон”-ы үеэр ах нарынхаа талд сайн үйлчилсэн нэн шинэ намтартай. Харин Б.Батцэцэгийн хувьд, ярихад эрт ч “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ч магадгүй” гэгдэж буй нэгэн. 2027 оны сонгуульд МАН-ын ялах шаанс эрс хумигдаж, ямар нэгэн гэнэтийн бэлэгтэй юм хийхгүй бол хэцүүдэх нөхцөлд байгаа бөгөөд нэг хувилбар нь эмэгтэй нэр дэвшигч байж болно. Том сонгуульд өрсөлдөхөд сэтэр илүүддэггүй. Тэр утгаараа намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн гэдэг сэтэр чухал байж болох юм.

МАН-ын дотоод сонгуулиуд 3-4 дүгээр сарын хооронд болдог. Тэгвэл Социал демократ намын их хурлыг ирэх сарын 14-нд хийхээр бэлтгэл ажил хангагдаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна