“Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Тогтохсүрэнг 48 цагийн хугацаатай саатуулаад байна.
Тодруулбал, түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үндэслэлээр шалгалтын ажиллагаа явуулж баривчилжээ. Өчигдөр АТГ-аас түүний ажлын өрөөнд нэгжлэг хийж орой 21 цагийн орчимд саатуулсан байна.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Тайлбар: -Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. -Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна. -Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. -Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно. -Энэ бүлэгт заасан “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно.
/Энэ зүйлийн тайлбарыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ зүйлийн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.
/Энэ хэсгийн тайлбар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар нэмэгдсэн./
2.Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна