АН Г.Занданшатарт Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг огцруулах, эсвэл танхимаараа огцрох сонголт өгөв

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага хүлээлгэхийг дахин шаардлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ шаардлагыг хүлээж авахгүй бол Засгийн газрыг огцруулах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ гэж мэдэгдлээ.

Ингэснээр, АН Г.Занданшатарт хоёр сайдаа явуулах, эсвэл АН-ын довтолгоонд өртөж танхимаараа огцрох гэсэн хоёр сонголт өглөө. 

АНУ-ын ЕНБД Д.Амарбаясгалан "Эрх баригчид 2016 оноос хойш 170 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 70 гаруй их наяд төгрөгийг захиран зарцуулахаар баталсан. Гэвч нэг ч цахилгаан станц ашиглалтад оруулаагүй.

Өвлийг ард түмний нуруун дээр үүрүүлж, цахилгааны хязгаарлалт, тасалдал хийж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл. Маш их төсөв хөрөнгийг захиран зарцуулж байгаа хэдий ч нийгэм, эдийн засагт бодит өөрчлөлт алга. Төрийг улам бүр данхайлгаж, 30 гаруй сайдтай данхар Засгийн газар бий болгосонд Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан.

Дэд сайд нарын асуудлаа эргэн харахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Мөн цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа хүндрэлүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлж, Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг санаачлан гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа.

Засгийн газар тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол Ардчилсан намын зүгээс үндэсний хэмжээнд Засгийн газарт хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ.

Засгийн газар болон салбарын сайдад 100 хоногийн хугацаатай, мөн нэг сарын хугацаатай үүрэг өгсөн байсан. Гэтэл 2022 оноос хойш гурван Засгийн газар дамжин ажилласан Эрчим хүчний сайдаас 100 хоногийн хугацаанд ямар ч бодит үр дүн хүлээх боломжгүй.

Засгийн газрын гишүүдэд яаралтай хариуцлага тооцохгүй бол ард түмнээс МАН-ыг чөлөөлөх улс төрийн акцыг эхлүүлж, Ардчилсан нам УИХ дахь Ардчилсан намын бүлэгтээ улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

Б.Чойжилсүрэн хэдий үгийн алдаа ихтэй ч түүнийг сайд байх үед эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтад орж, цаашид ч орох нөхцөл бүрдэ ж байгааг мартаж болохгүй. Мөн Т.Доржхандын тухайд сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон бөгөөд гэрээ нь КОП-ын дараа зурагдах төлөвтэй байгаа. Гэсэн ч Г.Занданшатарт томилгоо хийх сул "орон тоо" хэрэгтэй байгаа гэдгийг бодолцвол АН түүнд бараг тусалснаас өөрцгүй мэдэгдлийг өнөөдөр хийлээ. Хэвлэлд бичсэнээр, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нараас гадна П.Наранбаяр, Б.Дэлгэрсайхан нарыг мөн явуулж, оронд нь хүмүүс оруулж ирэх бололтой. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.155
    43 минутын өмнө

    Ер нь засгийн газар бүгдээрээ буусан нь дээр байх шиг...

    Хариулах