Ерөнхий сайд “Явуулах” хүнээ хөөргөж магтаад унагадаг хоржоонтой жишиг тогтоож байна уу

Zuv.mn
2 цаг 11 минутын өмнө

-Магтаад байсан Н.Лхагвадоржоо огцруулах эсэхийг Г.Занданшатар өөрөө шийднэ-

 Ерөнхий сайд Г.Занданшатар ойрмогхон аймгийн Засаг дарга нарыг Нийслэлд дуудан уулзаж, уулзалтынхаа үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг “Ард түмний амьдралд хэрэгтэй бодитой ажил хийсэн” хэмээн онцлон магтаж байсан билээ.

Тэгвэл онцолж магтсан хүнийх нь хувь заяа түүний гарт ороод иржээ. Сэлэнгэ аймгийн ИТХ өчигдөр 2026 оны анхны хуралдаанаа хийж, Аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах асуудлыг хэлэлцэж дэмжин, Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.  

Хуралд Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 40 нь оролцож, 24 төлөөлөгч огцруулах саналыг дэмжсэн байна.

Н.Лхагвадорж огцрох нөхцөл хэрхэн бүрдэв буюу Засаг даргаасаа урвасан таван гишүүн

Сэлэнгэ аймгийн ИТХ 41 мандаттай. 2024 оны сонгуулиар МАН 21, АН 19, ХҮН нам 1 суудал авчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүд нь хөдөлмөргүй нэг талдаа байхад Засаг дарга огцрохгүй байх хэмжээний суудалтай. Гэвч МАН-ын даргын суудлын төлөөх зодоон аймаг, Нийслэлд халдварлан талцаж байгаа нөлөө энэ санал хураалтад ч нөлөөлж, МАН-ын таван төлөөлөгч эсрэг талд санал өгчээ.

  

Өчигдөр Н.Лхагвадоржийг огцруулах саналыг МАН-ын тав, АН-ын 18 Хүн намын нэг төлөөлөгч дэмжсэн байна. 

МАН-ын зодоонд АН-ын үүрэг их байна

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж бол 2024 онд Аймгийн МАН-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн А.Дашбаттай нэг намынх мөртлөө заалнаас нэр дэвшин өрсөлдөж, 21-19 харьцаагаар ялан Аймгийн Засаг дарга болж байсан нэгэн.   

Тухайн үед Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам Н.Лхагвадоржийг  “Хэлтэс, агентлагийн газруудаас авна” гэж тохиролцож дэмжсэн гэдэг. Харин энэ удаад Н.Лхагвадоржоос нүүр буруулж, тухайн үед Лхагвадоржтой нэр дэвшиж ялагдсан А.Дашбатай мөн л  “Зарим хэлтэс агентлагуудыг авна” гэж тохиролцсон гэх яриа байна. Эндээс харвал, ойролцоо мандат авсан аймгууддаа АН олонхитой хуйвалдан хэн дарга болох, огцрохыг шийдэж байгаа байдал харагдана.

Уг нь цэвэр улс төр хийдэг бол “Нэгээр илүү бол мянгаар илүү” зарчмаараа сөрөг хүчний ажлаа сайн хиймээр. Гэвч орон нутагт улс төр нь үзэл баримтлал, бодлогын ялгаанаас илүү эрх мэдэл, түүний ард байдаг төсөв хөрөнгийн хуваарилалт руу илүү чиглэж, АН ашиг сонирхлоосоо татгалзах байтугай юм болж байгааг Сэлэнгийн жишээнээс харж болох юм.  

Л.Оюун-Эрдэнийн батламжилсан Н.Лхагвадоржийг Г.Занданшатар явуулахынхаа өмнө зориуд магтсан уу

2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгийн ИТХ-ын дуулиант хурал болж, Н.Лхагвадорж Аймгийн МАН-аас дэмжлэгтэй, албан ёсны нэр дэвшигч журмын нөхрөө өвдөг шороодуулан Аймгийн Засаг даргаар сонгогдоход “Намынхаа бодлогыг сөрлөө” гэсэн яриа гарч байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг батламжилсан. Батламжилснаар нь бодвол Н.Лхагвадорж Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэй бөгөөд унах шалтгаан нь ч түүнээс болсон гэж үзвэл МАН-ын зодооны ялагч тал, АН хоёрын ойлголцол ямар түвшинд байгааг харж болох мэт.

Ч.Лодойсамбуу нарын гишүүдийн сурталдаад байгаа “Эрх баригч намаас огцруулах асуудал оруулбал бүгдийг нь дэмжинэ, яагаад гэвэл бид сөрөг хүчин” гэх маягийн суртал ухуулгын ард нэг ийм л хөгийн заль нуугдаж байсан байж таарах гээд байна. Яагаад гэвэл, одоо хүлээгдэж байгаа огцролт болгон МАН-ын хүчний харьцааг нэг талд гаргана. АН-ын огцруулахыг дэмжсэн санал болгон МАН-ын ялагч тал, АН-ын ялагч талыг нягтруулна гэж бодохоор үүнийг сөрөг хүчний үүргээ биелүүлсэн гэж үзэж яагаад ч болмооргүй юм.

Бас нэг сонирхолтой юм нь, Ерөнхий сайд Г.Занданшатар явуулах хүнээ хөөргөж магтаж байгаад явуулдаг хоржоонтой жишиг тогтоож байх шиг. 

Г.Занданшатар Аймгийн Засаг дарга нартай уулзах үедээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг онцолж магтав

Н.Лхагвадорж Ерөнхий сайдад магтуулдаг хурлынхаа үеэр...

Тэрбээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дэмжсэн мэт царайлдаг, ил цагаан магтаж, “дэмжинэ” гэдэг ч унагах ажлыг хийж байгаа гэдгээ зөвлөхөөрөө “загнуулж” харуулсан. Энэ удаад хоёр долоо хоногийн өмнө орон даяар магтаж үзүүлсэн хүн нь Аймгийн Засаг даргаас огцрох гээд орж ирэх нь. Магтаж байгаад "бөгж үнсэхийг" ятгасан ч зөвшөөрөөгүй болохоор нь унагав уу, эсвэл үнэхээр юм хийсэн хүнийг хийснээр нь хэлж чаддаг байдлаа гаргасан нь тэр үү. Аль нь болохыг бид улахгүй харна.  Учир нь, ИТХ-ын шийдвэрийг эрхэхийг Ерөнхий сайд өөрөө шийднэ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.116
    23 минутын өмнө

    Чи өөрөө удахгүй зайлна аа новш минь

    Хариулах
  • 66.181.178.239
    29 минутын өмнө

    Хөвсгөл аймаг яг ижилхэн

    Хариулах
  • 172.59.189.194
    34 минутын өмнө

    Зандан бро зэвүүн шт.. Амарсайхан сайдыг яаж хөөлөө.. хаха.. магтаж эхлээд тэгээд жов гэчихсэн .. хахаха

    Хариулах