-Жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өнөөдөр намын Бага хурлыг, маргааш УИХ-ыг базах төлөвлөгөө юу-
Монгол Улсын Ерөнхийлөгч ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилснаа өнөөдөр албан ёсоор зарлалаа. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах бол олон жилийн өмнөөс яригдсан асуудал. Нийгмийн захиалга мөн үү гэвэл мөн. Гэхдээ бодох зүйл бий. Ард түмэн нэр цэвэр, ёс зүйтэй гишүүдээр Парламентыг бүрдүүлэхийг хүсэж байхад гэмт хэрэгтэн, ёс зүйгүй нөхдөөр Парламентаа бүрдүүлчихээд хүссэн шийдвэрээ гаргуулж суух ашиг сонирхол бас байж болохгүй үгүйсгэж болохгүй.
Яагаад ингэж бичив, эргэлзээ төрөх болов гэвэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2025 оны аравдугаар сард Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай тогтоолын төсөл санаачилсан ч Хуульзүйн сайд нь оройлж эсэргүүцээд унагачихсаных юм. Энэ төсөл нь товчхондоо хуулийн байгууллага УИХ-ын гишүүнийг шалгахаар бол бүрэн эрхийг заавал түдгэлзүүлж байж шалгах, ингэснээрээ ард түмэн хувь заяагаа хуулийн байгууллагад нээнтэгтэй гэмт хэрэгтнүүдээр шийдүүлэхээс аврагдах гарц байсан. Гэтэл Хууль зүйн сайд Б.Энхбаяр “УИХ-ын гишүүнийг дөрвөн жилийн турш хуулийн байгууллагаас шалгахгүй байх хууль /!!!/ санаачилсан” хэмээн гүжирдсээр батлуулаагүй.
Хэрвээ энэ асуудал ҮХЦ дээр очоод, хуулийн байгууллагад шалгагдах үндэслэл нөхцөл бүрдсэн УИХ-ын гишүүн санал хураалтад оролцдоггүй, шийдвэр гаргалтад нөлөөлдөггүй болсон бол ард түмний эрх ашиг илүүтэй хангагдах байсан. С.Ганбаатар гишүүн тухайн үед “Хуулийн байгууллага УИХ-ын гишүүнийг ард түмнийг төлөөлж шийдвэр гаргах эрхээс нь түдгэлзүүлэхгүй шалгаж байгаа нь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд өөрт ашигтай шийдвэр гаргуулах боломж олгож байна. Хэрвээ ард түмний төлөө том шийдвэр гаргадаг эрхээс нь түдгэлзүүлчихээд шалгадаг болох юм бол эд нар /!!!/ УИХ-ын гишүүнийг нээнтэглэж, барьцаалж шийдвэр гаргуулж чадахгүй болно” гэж хэлж байсан юм.
Үндсэн хуульд 29.З.”Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан, УИХ-ын тухай хуулийн 45.4-т асуудлыг “Ажлын таван өдөрт шийднэ” гэж хугацаа тавьсан ч 45.1, 45.2.1, 45.2.2, 45.2.3-т хугацаа тавиагүй нь хуулийн байгууллагад нээнтэгтэй гишүүд олноор бий болж, ашиглагдах, сонгогчдынхоо эрх ашгаас урвах нөхцлийг бүрдүүлж байна гэсэн санаа.
Түүний хэлснээр 17 гишүүн хуулийн байгууллагад шалгагдаж, түүнийхээ хажуугаар хууль батлалцаж, асуудал шийдэлцэж яваа. Хэний эрх ашигт үйлчилж байгааг таах аргагүй. Энэ бол УИХ-ын гишүүд хууль бус үйлдлээрээ бусдад барьцаалдагдсаныг хангалттай харуулах үзүүлэлт.
Гэтэл Эгүүлэн татах хууль баталснаараа гэмт хэргийн сэжиг, хуулийн байгууллага дээр нэмээд ёс зүйн зөрчил, ҮХЦ гэдэг бас нэг нээнтгэнд ороод, УИХ хэнээс ч хамааралгүйгээр, сонгогч ард түмнийхээ талд асуудал шийдэх боломжгүй болчих вий гэж л болгоомжилж байна. Энэ бол маш ноцтой шалтгаан мөн үү гэвэл мөн шүү дээ.
Ерөнхийлөгч хуулийн төслөө зарлах өдрөө МАН-ын Бага хурлын нээлттэй давхцуулсан нь Бага хурлаас гаргах шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого юм биш биз гэсэн хардлага байгааг ч бодож үзэх асуудал.
Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, хэрвээ үнэхээр УИХ-ын гишүүдээс ийм өндөр хариуцлага нэхэх гэж байгаа бол асуудлыг шийдэх хугацааг богино, тодорхой болгох, дээр нь асуудалд орсон гишүүн хэзээ ч чуулганд оролцож санал өгдөггүй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ҮХЦ жагсаалтын гишүүдийг эгүүлж татах том эрхтэй болохоосоо өмнө С.Ганбаатарын гаргасан хүсэлтийг хэлэлцэж, УИХ-ын хараат бус байдлыг хамгаалах ёстой.
Дээр нь, энэ том эрх мэдлийг ҮХЦ-д өгөх нь зөв үү гэдгийг бодох асуудал. Асуудал сөхөгдөх шалтгаан болсон М.Нарантуяа-Нара гишүүний харъяалагддаг ИЗНН-ын дарга Б.Батбаатар Ерөнхийлөгчийнтэй ижил агуулгатай хууль санаачилсан ч эгүүлж татах эрхийг тухайн гишүүний намд нь өгөх хувилбартай юм билээ. Харин Ерөнхийлөгчийн санаачилсанд ҮХЦ-ээр асуудал шийдвэрлэх хувилбар байгааг гэж ойлгогдсон. Б.Батбаатар гишүүнээ эгүүлж татах эрхийг намд өгөх гээд, Ерөнхийлөгч болохоор ҮХЦ-д өгөх гэдэг дээр зөрүү гарсан учир тусдаа хууль санаачилсан ч байж магадгүй. Тэгэхээр, Ерөнхийлөгчийн санаачилсан хувилбар үнэхээр ҮХЦ-д эрх өгөх хувилбараар орж ирлээ гэхэд С.Ганбаатар гишүүний гаргасан УИХ-ын тухай хуулийн 45.1, 45.2.1, 45.2.2, 45.2.3 дугаар заалт ҮХ-ийн 29.3 дугаар заалтыг зөрчсөн эсэх хүсэлтийг эхлээд шийдүүлэх нь ҮХЦ-ээс авах нэг ёсны шалгалт болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.154
ман нэрээр төрд гарсан авилгач хулгайчуудын цаад санаа нь ман татан буугдах айдаснаас үүдэн гарав уу ??!!!
Хариулах