Засгийн газар vs “Рио Тинто”: Жинхэнэ хэлэлцээр одоо л эхэлнэ

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

-Монголын тал барьцаа ахиулсны учир юу вэ-

Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах талаар тодорхой саналтай ирсэн “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүсийн саналыг Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хүлээж авалгүй буцаалаа.

Буцаахдаа Ерөнхий сайдын хэлсэн “Эзэн нь юмуу мэдэж, эрэг нь усаа хашдаг”, “Шударга ёсыг шаардаж байна” үгс олон нийтэд сүрхий таалагдав. "Ерөнхий сайд хүн ийм л байх ёстой" гэлцлээ. Олон хүн дотроо бододог ч хэлж чадахгүй байсан нь үгс нь Ерөнхий сайдаар дамжин "Рио Тинто"-гийнхонд хүрсэн мэдрэмж авав. 

“Рио Тинто” өөрийн саналаа танилцуулсан, Засгийн газар хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн энэ үйл явц “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээр одоо л жинхэнэ шийдэгдэх үе шат руугаа орсны дохио боллоо.

Эхний санал нь ийнхүү буцсан тул “Рио Тинто” хэсэг хугацааны дараа дахин саналаа тавих ёстой. Өөрөөр хэлбэл, хэлэлцээр одоо л эхэлж байна. “Рио Тинто” Талууд шийдэлд хүрэхээр товлосон хугацаа дуусах болоогүй, дахин 1-2 удаа энэ процесс өрнөх бололцоотой.

Харин Засгийн газар гэрээнд заасан /53+ өгөөж, өр төлсний дараа ногдол ашиг хүртэх/ давсан:

1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,

3. Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг “Рио Тинто”-д тавьсан нь анхаарал татлаа.

Нэг нь, “Онтрэ” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн асуудал. Оюутолгойн сонсголын үеэр “Оюутолгой” ХХК-ийн захирал С.Мөнхсүх “Хамгийн гол асуудал нь энэ. Бид “Онтрэ” ХХК-ийг одоогоор лиценз эзэмшигч гэж хүлээн зөвшөөрч байгаа учир нөхөн төлбөр өгнө. Хувь хэмжээ ямар айх вэ гэдэг нь гол асуудал болоод байна” гэж хэлж байсан юм.

Тэгэхээр, одоогийн байдлаар 80/20-иор тохиролцоод буй “Онтрэ” ХХК, “Рио Тинто”-гийн хэлэлцээр нь Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг багасгах асуудалд чухал нөлөөтэй гэдэг нь үнэн. Манайх “Онтрэ” ХХК дээр тусдаа гэрээ байгуулах тул 80/20-ийг 70/30 ч юм уу болгож өөрчлөх тусам манайд ашигтай.

Тэгвэл Ерөнхий сайд шаардлагаараа “Болохгүй бол “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийг цуцална шүү. Тэгээд та нар “Онтрэ”-тэй биш, Засгийн газартай хэлэлцээр хийхэд хүрнэ. Энэ тохиолдолд хууль нь ийм байдаг шүү” гэсэн ойлголт төрүүлэх шиг боллоо.  

Нөгөө нь, “Монгол Улсад 2026 ондоо багтаан ногдол ашиг хуваарилах” гэдэг заалт. Одоо мөрдгдөж байгаа гэрээгээр энэ ямар ч боломжгүй өгөөд манай тал зээлийн хүү бууруулах, менежментийн төлбөрийг багасгах зорилгодоо хүрсэн байсан ч биелэгдэх боломжгүй шаардлага. Иймэрхүү шаардлагаас болж хэлэлцээр гацдаг, сунжирдаг.

Засгийн газрын энэхүү шаардлага /2026 онд багтааж ногдол ашиг хуваарилах/, Ерөнхий сайдын хэлсэн “Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа нөхцөлд жинхэнэ эрсдэл үүсэх вий гэдгээс болгоомжилж байна” гэсэн байр суурьтай нийлээд “Рио Тинто”-д том дарамтыг үүсгэх учиртай. Энэ маш цочир сонин гэж болох шаардлага хэлэлцээрийг гацаах шалтгаан болох уу, шийдэлд хүрэх ташуур болох уу гэдэг нь явцдаа л харагдах байх.

Энд бас нэг зүйл тэмдэглэхэд, Рио Тинто чухам ямар саналтай ирсэн нь ил болоогүй байгаа. Гэхдээ ямартай ч санаанд нийцэхээргүй байсан нь тодорхой. Уулзалтын талаарх мэдээлэл өнөө өглөөнөөс эхлээд олон улсын хэвлэлээр гарч эхэлсэн. Тэдгээр мэдээлэд resource nationalism гэх үг ашигласан байх бөгөөд “Financial times”-т гарсан мэдээлэлд Индонезийн Зсгийн газар Грасберг уурхайдаа ашиг сонирхлоо нэмэгдүүлэхийн тулд олон жил хэлэлцээр хийж, зорилгодоо хүрсэн талаар дурдсан байна.        

Аливаа хэлэлцээр харилцан буулт хийж байж шийдэлд хүрдэг нь хэнд ч тодорхой тул манай тал шаардлага тавихдаа ч, өрсөлдөгч тал эхний саналаа тавихдаа ч үүнийг тооцоолсон нь тодорхой. Тиймээс “Рио Тинто”-гийн дараагийн санал ямар байх нь анхаарал татаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.41
    11 минутын өмнө

    Tetgeveriig 1500000bolgoh,Tatvar iig 1huvi bolgoh shaardlagatai testei oilgogdoj baina

    Хариулах