Газрын тосны үнийн өсөлт 40 хувьд хүрлээ

Г.Долгорсүрэн
1 цаг 33 минутын өмнө

Иран болон АНУ-ын хооронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн улам эрчимжиж, дэлхийн газрын тосны 20 гаруй хувь нь дамждаг Ормузын хоолойн нөхцөл байдал улам хүндэрч, далайн тээвэр үндсэндээ зогсонги байдалд ороод байна.

Ормузын хоолойг бүрэн нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хамгийн сүүлийн байдлаар Бямба гарагт мэдэгдсэн бол Ираны талаас хэрэв цахилгаан станцуудыг бөмбөгдвөл Ормузын хоолойг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаана гэж хариу мэдэгдэлдээ анхаарууллаа.

Одоогийн байдлаар Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн 90 гаруй хувь нь саатаад байна. Газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд дунджаар 80 орчим доллар байсан бол энэ тоо мөргөлдөөний улмаас 40 орчим хувиар нэмэгдэж сүүлийн өдрүүдэд нэг баррель газрын тосны үнэ 110 - 120 долларын хооронд савалж байна.

Нөхцөл байдал цаашид хурцадвал газрын тосны үнэ илүү огцом өсөх эрсдэлтэй бөгөөд Ормузын хоолой бүрэн хаагдсан тохиолдолд нефтийн үнэ 130–150 долларт хүрч, одоо байгаа 40 хувийн өсөлт 70 гаруй хувь болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Монгол Улс шатахууны хувьд 100 хувь импортын хамааралтай учраас олон улсын зах зээлийн хямрал, үнийн савлагаанд шууд өртөх эрсдэлтэй, эмзэг улс орны тоонд орж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна