Г.Занданшатарын Засгийн газар юу хийв

Zuv.mn
3 цаг 59 минутын өмнө

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар 287 хоног ажиллалаад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгож, өчигдөр МАН-ын Бага хурлаас шинэ Ерөнхий сайдаа нэр дэвшүүлж, дэмжлээ.

Г.Занданшатарын хувьд алдаа, дутагдал гаргаж огцроогүй. Харин төрийн ажлыг гацаанаас гаргах, цаашлаад эв нэгдлийг эрхэмлэн жудаг гаргаж, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдгийг МАН-ын ЕНБД Я.Содбаатар болон бусад гишүүд онцолж байв.

Г.Занданшатарын танхим жил хүрэхгүй хугацаанд засагласан ч олон үр дүнтэй ажил хийснийг дурдах учиртай.

Валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрэв

Эдийн засгийн өсөлт 2.6 хувиас 6.8 хувь болж нэмэгдсэн бол инфляц 8.3 хувиас 6.5 хувь болж буурав. Төлбөрийн тэнцэл  нэг тэрбум ам.долларын ашигтай болж, валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэн нь бодит үр дүн байлаа. 

Богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж чадсан нь Ерөнхий сайд болон Сангийн сайд нар зөв бодлого барьж, чиг шугамтай ажилласны илрэл юм.

Мөн яамдын бүтцийг 81 нэгжээр цөөлөв

  • Агентлагийн удирдлагыг 54-өөр цөөлөв
  • 29 зөвлөл, хороог татан буулгав
  • Төрийн өмчит компаниудын удирдлагыг 200-аар бууруулав
  • 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгов
  • Хил, гаалийн шат дамжлагыг 40 хувиар цөөлөв

Улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, Риод хатуу шаардлага тавив

“Рио Тинто”-той байгуулсан 2009 оны гэрээг бодитойгоор дээрдүүлэх хэлэлцээр хийх үүрэг хариуцлага Г.Занданашатарын Засгийн газарт ирсэн. 

Тэрбээр хоёр ажлын хэсэг байгуулж, гэрээг долоон жил тутамд авч үздэг байсныг дөрвөн жил болгож багасгасан. “Рио Тинто” боловсруулсан эхний саналаа бариад ирэхэд “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж хэлээд өмнө нь тавьж байснаасаа илүү хатуу шаардлагууд тавьж буцаасан.

Г.Занданшатар Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Рио Тинтод таван зүйл бүхий шаардлага тавьсан. Улмаар тус компани шаардлагын хариуг тогтоосон хугацаандаа өгөөгүй учраас өнгөрсөн лхагва гарагт буюу 03-р сарын 25-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюу толгойн хэлэлцээний явцын талаар Ажлын хэсгийн мэдээллийг сонсож, “Онтрэ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байдаг.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар монголчууд Оюу толгой төслөөс хүртэж буй өгөөж 27 хувь байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэхийн тулд зээлийн хүүг 5-6 хувь болгож бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах, ногдол ашгийг энэ оноос хуваарилах зэрэг таван шаардлагыг Рио Тинтод тавьсан аж.

 Эл таван шаардлага ажил хэрэг болж чадвал Г.Занданшатар хамгийн богино хугацаанд ажилласан ч Монголчуудын эрх ашгийг зоригтой хамгаалж чадсан Ерөнхий сайдаар түүхэнд үлдэх юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна