Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй мазаалай баавгайг хамгаалах цогц ажлын хүрээнд судалгааны нэгэн шинэ шат эхэллээ. Говийн их дархан цаазат газрын А хэсэг буюу Баруун Тооройн баянбүрдэд 150 кг жинтэй мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх ажиллагааг амжилттай зохион байгуулав.

Уг ажиллагааг БОУАӨЯ, “Мазаалай” нийгэмлэг ТББ, “Хүрээлэн” төсөл болон Хамгаалалтын захиргаа хамтран гүйцэтгэсэн байна. Энэ удаагийн хүзүүвч нь өмнөх загваруудаас ялгаатай нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна бичлэг хийх хүчин чадалтай бөгөөд мазаалайн амьдралын хэв маягийг "нүдээр нь" харах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Судалгааны хүрээнд дараах өгөгдлүүдийг цуглуулна:
Биологийн онцлог: Шилжилт хөдөлгөөн, идэш тэжээлийн сонголт болон амьдрах орчны нарийвчилсан тандалт.
Генетикийн дээж: Баавгайн үс болон эд эсийн дээжийг авч, генетикийн судалгаанд ашиглахаар бүрдүүлжээ.
Экологийн тандалт: Уур амьсгалын өөрчлөлт говийн баавгайн амьдрах орчинд хэрхэн нөлөөлж буйг бодит бичлэгээр баримтжуулна.
Дэлхийд ганцхан Монголын говьд үлдсэн нэн ховор энэхүү амьтныг хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл цуглуулах нь тоо толгойг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна