Э.Батшугар: Эмч нарын цалинг нэг шатлалтай болгохын тулд 150 тэрбум төгрөг шаардлагатай

Х.Есү
2026/04/15

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар танилцууллаа.

Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Эмч нарын нэмэгдэл цалинг бодохдоо хуучин цалингаас нь бодож өгч байсан. Тиймээс үүнийг болиулна.

Эмч нарынхаа цалинг нэг шатлалтай болгохын туулд бидэнд 150 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээг авч болно гэж үзсэн.

Бид эхний ээлжинд эмнэлгийн лавлагаа шатаа сайжруулах ёстой. Үүнийг хийснээр ойролцоогоор 40 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадна.

Улсын төсвөөс санхүүждэг эмнэлгийг харах юм бол 300 тэрбум төгрөгөөр эмийн худалдан авалт хийдэг юм байна.

Эмнэлэг болгон өөрсдөө тус тусдаа тендер зарлаад эм авч байна. Үүнийг нэг цонхоор худалдан авалт хийлгэдэг болно. Яг адилхан үйлчилгээ үзүүлдэг эмийг эмнэлэг болгон өөр өөр үнийн дүнгээр худалдан авсан байна. Эм авахдаа нэг цонхоор худалдан авбал энэ байдал алга болно.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 669 эмийг хөнгөлдөг. Үүнд ДЭМБ-т бүртгэлгүй эмүүд байна. Тэдгээр эмүүдийг хасна. Эмийн хатуу зохицуулалтай улс орон гэж байдаг. Америк, Герман, Англи, Солонгос, Япон, Сингапур улсуудаас ирж байгаа эмийн хөнгөлөлтийг илүү их болгоно. Чанаргүй эмтэй улсуудаас ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна.

Яг адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мөртлөө зарим эмнэлгийн бүтээмж муу байна. Эмнэлгүүдэд захирлын ажлын алба гэж байх шаардлагагүй.

Бид нийт иргэдийнхээ эхүүл мэндийн төлөө ажиллах ёстой. Хувийн эмнэлэгийн үр ашиг, ашигтай байлгахын төлөө ажиллах ёсгүй. Эсэргээрээ лавлагаа шатны эмнэлгүүдээ сайжруулах хэрэгтэй.

Иргэн анхан шатны эмнэлэг дээр очоод цусны шинжилгээ өглөө гэж бодъё. Дараагийн шатны эмнэлэг дээр очиход дахиад цусны шинжилгээ авч байгаа. Энэ шинжилгээг авахад чинь бас мөнгө шүү дээ. Шинжилгээний давхардлыг асуудал их байна. Үүнийг цахимжуулна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна