Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасан.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журамд нийцүүлэн 5 жилээр олгож байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сунгах боломжтой юм.
ХХААХҮЯ-наас хийсэн судалгаа, тооцооллоор 100 сая төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход болгоход жилд 8.500.000 төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх юм. Энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд орох эерэг нөлөөтэй.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.
Иймд бүс нутгийн хямрал, мөргөлдөөнд дэлхий нийтээрээ нэрвэгдэж буй өнөөгийн нөхцөлд валютын өсөлт, импортын хамаарал зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шийдвэрлэхээр судалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна