Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч иргэн рүү "буудсан" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэн шаардлага биелүүлээгүй тул резинен сумтай буу ашиглан таслан зогсоосон гэж буй.
Тэгвэл эл асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын дарга Т.Баатараас тодрууллаа.
Тэрбээр "2026 оны 4 сарын 18-19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүргийн I хороо, 23 дугаар сургуулийн баруун талын байрны гадаа согтуу хүмүүс хашгираад байна гэсэн дуудлага, мэдээлэл иргэнээс ирсэн.
Дуудлагаар авто эргүүлийн хоёр алба хаагч очиход дөрвөн хүн хоорондоо маргалдсан, нөхөр нь эхнэрээ газар унагасан байдалтай байсан. Ингээд алба хаагч очиж шаардлага тавихад үйлдлээ зогсоохгүй эсэргүүцсэн.
Мөн дуудлага өгсөн иргэн гарч ирэхэд биед нь халдсан учраас нэмэлт эргүүл дуудсан. Эргүүл ирэхэд цагдаагийн алба хаагчийн биед халдсан үйлдэл гаргасан. Цагдаагийн алба хаагч таван удаа анхааруулж, шаардлага тавьсан.
Ингээд зогсоогоогүй учраас Цагдаагийн байгууллагын хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг хэрэглэсэн. Тухайн иргэний гуяны хэсэгт резинэн сумаар оносон учраас 103 дуудаж, эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн. Одоогоор гомдол санал өгөөгүй. Өнөөдөр дуудаж мэдүүлэг авна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна