П.Наранбаяр: Бүх бурууг өмнөх сайд руу чихнэ гэвэл үлгэр шүү...

Х.Батсайхан
1 цаг 53 минутын өмнө

Боловсролын сайд асан, УИХ-ын гишүүн П.Наранбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сангийн сайд З.Мэндсайхан “ХҮН намын хариуцлагагүй сайдын балгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гэж байна” гэж мэдэгдэж, Боловсролын сайд Л.Энх-Амгалан түүнийг нь “Хүний хүн хүний хүн л байдаг юм байна” гэж бичиж шэйрлэсэнд харамсаж байна.  

Багш нарын цалингийн нэмэгдэлд 969 тэрбум төгрөг шаардагдаж байсан ч УИХ 619 тэрбум болгож бууруулж баталсан. Үүнд Засгийн газар оролцож, УИХ баталсан. Тухайн үед ҮЭ жагсаад, ажил хаяад, байдал хүнд байсан. Энэ үед нэмэлт хэлэлцээр хийж, багш гэдэг дээр ажилчид гэдэг үг нэмж байж тохиролцоонд хүрч чадсан. Энэ 35,000 хүнийг хаяж болохгүй.  

Цалингийн нэмэгдэлд шаардлагатай мөнгө яагаад 350 тэрбумаар буурчихав гэж асууж магадгүй. Тэр үед хэрвээ ажигласан бол 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж орж ирсэн. Ямар ч зураг төсөвгүй. Тэрийг тэр гишүүдээс нь асуух хэрэгтэй. Ер нь бол цалингийн бүтцийн тухайд, цалин нь амьдралын баталгаа болдог бодлого руу явахгүй бол болохгүй нь. Өөрөөр хэлбэл, үндсэн цалин, нэмэгдэл хоёр бараг 50, 50 хувь болчихоод байсан. Тиймээс бид цалингийн 70 хувийг нь үндсэн цалин эзэлдэг болгох зорилт руу явсан юм.

Үндсэн цалин өссөнөөр ипотекийн зээлд хамрагдах боломж нэмэгдэнэ. Хамгийн чухал нь, тэтгэврээ өндөр тогтоолгоно шүү дээ. Бусдаас хамаарсан нэмэгдэл их болчихоор цалингийн тэр хэсэг нь тухайн багшийн амьдралд баталгаа болж чадахаа больдог. Скандинавын орнуудад үндсэн цалин цалингийн 90-95 хувь байна. АНУ, Англи 80-85 хувьтай байна. Япон, Сингапур 75 хувьтай байна. Тиймээс бид үндсэн цалинг нэмэгдүүлэх бодлого барьсан.

Ингэж хамтран ажиллаж, чадах чинээгээрээ зүтгэж байхад өмнөх сайд руу бүх бурууг чихнэ гэвэл “үлгэр” шүү. Энэ асуудлыг ХҮН намын зөвлөлөөр авч хэлэлцэнэ” гэлээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна