Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Журмын нөхөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр Ардилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогттой С.Зориг агсны талаар хөөрөлдлөө.
Тэрбээр "Санжаасүрэнгийн Зориг ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлж, удирдаж үр дүнд нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс болох үйл явцыг удирдаж түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүний үзэл санааг маш олон удаа АН-ын Үндэсний бодлогын хорооны болон бусад улстөрийн зөвлөлийн шийдвэрүүдээс харж болно. Тухайн үед баримталж байсан байр суурь нь тусч өдийг хүрсэн.
Монголчууд түүнийг хоёр алдартай үгээр нь санан дурсаж, илүү сайн мэддэг. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ үг монголчууддаа итгэл найдвар өгсөн, ирээдүйгээ өөдрөгөөр харсан, сайн сайхны төлөө тэмүүлсэн уриа дуудлага юм.
С.Зориг агсан улстөрд орсон хүн эрх ашгийн эрэмбийг ягштал баримтлах ёстой гэдэг байлаа. Нэн тэргүүнд улс орныхоо эрх ашгийг тавих ёстой. Дараа нам, хамгийн сүүлд нь хувь хүний эрх ашиг байх ёстой. Энэ бол улстөрч хүний суурь зарчим байх ёстой.
Бидний 36 жилийн түүх, С.Зоригийг алдсан 28 жилийн хугацаанд алдаж оносон олон зүйлс бий. Гэхдээ бид суурь зарчим дээрээ л байгаа. Түүний амиа алдсан болон төрсөн өдрөөр нь жилд хоёр удаа акц хийж байна.
Түүний хөшөө бол ардчилал ямар их үнэ цэнээр олддог, ардчиллыг хайрлаж, хамгаалж өдөр бүр тордож байхгүй бол ямар эмзэг болохыг харуулсан сэрэмжлүүлэг.
З.Зориг агсаны хөшөөг зориуд төрийн ордон руу харуулсан гэдэг. АНУ-ын тусгаар тогтнолын тунхагыг бичсэн ерөнхийлөгч Жефферсоны хөшөө тус улсын ерөнхийлөгчийн ажлын өрөө рүү нь харж байрладаг гэгддэг. Энэ нь үе үеийн Ерөнхийлөгчид сануулга өгдөг гэж байгаа юм. Үүнтэй ижил үе үеийн улстөрчдөд үйл хэргийг чинь харж байгаа шүү гэсэн агуулгаар хөшөөг байрлуулсан байдаг.
Миний хувьд С.Зориг агсантай олон зүйлээр холбоотой. Анх Москвагийн их сургуулийн нэгдүгээр курсын оюутан болж очиход С.Зориг агсан тавдугаар курсийн ах байсан. Бидний үлгэр дуурайлал болсон гол хүн байлаа.
Дараа нь ардчилсан хөдөлгөөний үйл явцад хамт оролцоод Ардчилсан Үндсэн хуулийг хамтарч баталсан. Үргэлжлүүлээд УИХ-д хамт сонгогдоод С.Зоригийн фракцыг байгуулахад би нэг гишүүн нь байв.
Дээрээс нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдахад С.Зориг агсан Дэд бүтцийн сайд, би Байгаль орчны сайдаар хамт ажиллаж байлаа. Мөн Монгол-Японы паралментийн бүлэгт хамт байсан. Тухайн бүх л хугацаанд бусаддаа үлгэр дуурайлал болж байлаа.
Бид хоёр онцгой харилцаатай хүмүүс байсан. Доод ангийн дүү гэж дууддаг байлаа. Би ч дээд ангийн ах хэмээн хүндэтгэдэг байв.
Энэ хүний үхлээр улстөр хийдэг нь Монгол төрийн эмгэнэл. Бусдын үхлээс улстөрийн хонжоо хайна гэдэг увайгүй хэрэг. Хэрэг илрэх нь манай намын хувьд, миний хувьд, гэр бүлийн маань хувьд үнэ цэнтэй зүйл. Хэрэг илэрнэ гэдэгт би итгэдэг.
Энэ хүний үйл хэрэг, үзэл санааг үргэлжлүүлэх нь чухал" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна