Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ирэх лхагва гарагт хэлэлцэж эхэлнэ.
Монгол Улс, ОХУ 2019 онд байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ"-нд “Талууд өөрийн нутаг дэвсгэрт байрлах хөрөнгийг хоёр улсын хууль ёсны эрх болон ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч, хангана” гэж заасан байна.
Үүний дагуу Засгийн газар хоорондын 1971, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай нот бичгийг солилцож, 2019 онд батлуулсан юм. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дагуу ОХУ-ын талаас орон сууцны найман барилгыг Монгол Улсын төрийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгч, тэдгээр байранд 1990 оноос эхлэн амьдарч байсан нийт 550 гаруй өрхөд хувьчилсан. Харин одоо Улаанбаатар, Чойбалсан, Эрдэнэт хотуудад байрлах зарим үл хөдлөх хөрөнгийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн эрхийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж Засгийн газраас энэ сарын 20-нд УИХ-д өргөн барьжээ.
Хэлэлцээрийн төсөлд дараах үл хөдлөх хөрөнгүүдийг ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэхээр тусгажээ. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгүүд байршиж буй газруудыг ОХУ-д 99 жилийн хугацаатай ашиглуулахаар хэлэлцээрийн төсөлд заасан байна.
1. Сүхбаатар дүүрэгт байрлах Аэрофлотын барилга, эдэлбэр газрыг ашиглах эрх
2. Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд байрлах Захиргаа аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
3. Орхон аймгийн төвд байрлах Албан контор, орон сууц, аж ахуйн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
4. Баянгол дүүрэгт байрлах орон сууцны 56 байр (Нийтийн орон сууцны доторх),
5. Баянзүрх дүүрэгт байрлах Худалдааны төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
6. Баянзүрх дүүрэгт байрлах Сүмийн барилга, спорт заал, гражийн цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх,
7. Плехановын нэрэмжит сургуулийн барилгын цогцолбор, эдэлбэр газрыг ашиглах эрх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна