“NO BRAND” дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрнэ

Х.Есү
1 цаг 1 минутын өмнө

Алтай Холдинг компани болон Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ нь БНСУ-ын Имарттай хамтран, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог “No Brand” дэлгүүрийн сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх мастер франчайзын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг, БНСУ-ын Имарт компанийн төлөөлөл Кан Ён Сог, Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон талуудын удирдлагууд, түнш байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

Арга хэмжээний үеэр Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх нь компанийн хувьд дараагийн томоохон стратегийн алхам болохыг онцоллоо.

Тэрээр өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү ухаалгаар төлөвлөж, боломжийн үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ нэмэгдэж буй нь “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх чухал үндэслэл болсон гэдгийг тодотгов.

Энэхүү төсөл нь Монголд Имарт нээгдсэний 10 жилийн ойтой давхцаж байна. Төслийг Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ хэрэгжүүлэх бөгөөд дэлгүүрийн удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод анхны “No brand” 3 салбар дэлгүүр үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна.


“No Brand” нь БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн, өдөр тутмын хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог жижиглэн худалдааны брэнд юм. Тус брэнд нь нэмэлт сурталчилгааны зардал шингээгүй, зөв түүхий эд, оновчтой үйлдвэрлэлийн арга барилд суурилсан чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд боломжийн үнээр хүргэхийг зорьдог.


Өдгөө “No Brand” нь Солонгос болон олон улсын зах зээлд 300 гаруй салбартайгаар өргөжин тэлж 2,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн Солонгос болон олон улсын импортын бараа, өрхийн өдөр тутмын хэрэглээний шийдэл, хүнс, амттангийн өргөн сонголтыг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөгдөж байна.

“No Brand” сүлжээ Монгол Улсад нэвтэрснээр хэрэглэгчид өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ илүү ухаалаг, хэмнэлттэй, баталгаатай сонгох боломж бүрдэхийн зэрэгцээ Монголын жижиглэн худалдааны салбар илүү орчин үеийн, өрсөлдөх чадвартай экосистем рүү шилжих дараагийн алхмаа хийж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна