Боловсролын салбарыг багш нар л гэрэлтүүлнэ

Zuv.mn
2 цаг 6 минутын өмнө

Манайхан боловсролын салбарыг шинэчлэнэ гэж ярьдаг. Гарч ирсэн сайд болгон шахуу шинэчлэхээр дайрдаг. Ерөнхий сайд асан С.Батболд “Кембрижийн стандарт тогтооно” гэж нэг хэсэг гүйсэн бол сайд Л.Гантөмөр“Монгол стандарт” тогтооно” гэх жишээтэй. Сургалтын стандартаа олон дахин хольж солих нь буруу гэж шүүмжлэх ч нэгэн бий. Гэхдээ шинэчлэлийг сайд дарга гэхээсээ илүү багш нар хийдэг гэдгийг хаа хаанаа ойлгомоор байна.

Нэрт зохиолч, орчуулагч Г.Аюурзана нэгэнтээ “Коммунизмаар хүмүүжсэн, буруу ишилсэн сүх шиг егзөр багш нар үхэж дууссан цагт л утга зохиолын салбар өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ үгүй биз дээ. Бас л коммунист багш нарынхаа үзлээр хүмүүжчихсэн шавь нар нь багш болж орж ирчихээд оюутнуудын толгойг угааж суух байлгүй”хэмээн харамсангуй өгүүлсэн байдаг. Түүний зөв өө. Эдүгээ их дээд сургуулиудад сургалтын норм стандарт мөрдөгдөх нь багшаасаа шалтгаалдаг болсон байна.

Социализмын үрийг таригч биш болсон ч арга барилаа өөрчилж чадаагүй багш хичээл орвол туршлагаа ярьж байгаа нь энэ гэж өмнөх нийгмийн хоцрогдсон мэдээллээрээ оюутнуудын толгойг дүүргээд гаргана. Орчин үежсэн багш хичээл орвол албадлагын шинжтэй биш ч гэсэн арай л бүтээлчээр цагийг өнгөрүүлнэ. Дүгнэх арга нь ч ондоо. Эхний хэв маягийн багш нар хичээлээ таслахгүй, лекц бичдэг хүүхдийг сэдвээ ойлгосон ойлгоогүйгээс нь үл хамааран дажгүй дүн тавихыг бодно. 

Харин сүүлийн хэв маягийн багш хичээл хийсэн байдлыг туслах, ойлгосон байдлыг гол шалтгаан болгож авч үзэх жишээтэй. Хуучинсаг арга барил анги танхим хавиар эргэлдэж байвал ч бас яах вэ, оюутнууд авахаа авч, хаяхаа хаяна. Гэтэл егзөрүүд багш нарын өрөө хавиар эрх мэдлээ хэрэгжүүлдэг нь хамгийн аюултай юм.

Хүн 25 наснаасаа хойш загварчлагдаж, шинэ юм хүлээж авах чадваргүй болдог гэдгийг шинжлэх ухаан судлаад тогтоочихсон байдаг юм байна. Барууны албан байгууллагууд 25-аас дээш насны хүмүүсийг гүйцэтгэх  ажилд авдаггүй нь ийм учиртай аж. Одоо төрийн мэдлийн их, дээд сургуулиудад багшилж байгаа боловсон хүчний багагүй хэсэг нь социализмын үеийн “бүтээгдэхүүн” хэвээрээ байна. 

Тэгээд насны эрхээр бүгд удирдах албанд очсон байхыг нь яана. Энэ бол багшилснаас аюултай. Залуу багш нарын байгаа байдал, ажлаа явуулж байгаа арга ажиллагаа тэдэнд таалагдах, таалагдахгүйгээс их зүйл хамаарна. 

Сурсан дассан шаардлагаа л тавьж, авч дадсан хариултаа л шаардана. Гэтэл багш нарт бас асуудал бий. Багшлах замыг сонгосон залуусын дунд жинхэнэ манлайлагч цөөн байна. Чадвартай нь өөрийн замаар явж, зах зээлийн нийгэмд чөлөөтэй өсч томрохыг эрмэлзэнэ. Үлдсэн нь багшилж, цалингаас цалингийн хооронд амьдрахаас аргагүй. Ийм нөхдүүд мэдээж шинэ сайхан руу тэмүүлье гэхээсээ нөгөө егзөрүүдийн арга барилд зохицохыг илүүд үзэх нь мэдээж. Ингээд хуучинсаг нэг хэв загвартай багш нар клон адил үржиж,боловсролын салбар бахь байдлаараа үлдэхэд дөхөм болдог. 

Тиймээс багш нарын ажлын үнэлгээ, цалин хөлс зэргийг тогтоохдоо багш нарын ялгамжийг багасгах чиглэлд үргэлжүүүлэн ажиллах шаардлага байна. Мэдээж энэ жижиг бичлэг маань багш нарын цөөн хэсэгт нь хамаагүй. Цөөн хэсэг гэж шинийг эрэлхийлэгч, төр засгаас шинээр гаргаж буй  стандартад зохицохыг хичээгч чин эрмэлзэлтэй багш таныг хэлж байгаа юм шүү дээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.68
    12 минутын өмнө

    Сурлага муутнууд багш болдог тогтолцоог өөрчлөе.

    Хариулах