Н.Алтаншагай: Сэлбэ дэд төв бол хотын түгжрэл, утааг шийдэх эхлэл юм. Би ухрахгүй

С.Гандэлгэр
7 цаг 10 минутын өмнө

УИХ-ын чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тэргүүтэй 20 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв зэрэг чухал төслүүдийг ирээдүйтэй холбоотой чухал хууль юм. Тэгвэл хуулийн төслийн агуулга, зорилго, үр дагаврын талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагайтай ярилцлаа.

- Таны хувьд “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Нэлээд анхаарал татаж байгаа хууль. Энэ хуулийг өргөн барих шалтгааныг тань асуумаар байна?

Миний бие болон УИХ-ын 21 гишүүн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад УИХ-ын хэлэлцүүлж байна. Энэ хуулийнхаа талаар ярихаас өмнө хэдэн статистик мэдээлэл өгөх нь зүйтэй байх. 1990-2000 он, 2000-2014 он, 2014-2024 он гэсэн үечлэлтэйгээр Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын түвшинд зээлүүдийг соёрхон баталж аваад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн байдаг. 1990-2000 оны хооронд авсан зээлүүдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн шилжилтийн үеийг даван туулах зорилготойгоор ашигласан. Дараа нь хөнгөлөлттэй зээл хэлбэр лүү шилжиж дэд бүтэц, хөрөнгө оруулалт маягаар ашигласан. Харин 2014 оноос хойш томоохон буюу “мега” төслүүдийн хэмжээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн.

Улмаар 2024 оноос олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын санхүүгийн чадамж дундаас дээш орлоготой болсон хэмээн дүгнэдэг болсон учраас бидэнд нэн хөнгөлөлттэй зээл олдохоо больсон. Ердийн хүүтэй зээлүүд л авах боломжтой болсон. Энэ Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуульд маань гурван томоохон төсөл багтаж байгаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар хэлэлцээр хийгдээд УИХ соёрхон баталсан 98 орчим гадаад зээл, тусламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүнээс 74 нь зээлээр санхүүжиж байгаа. Эндээс Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв буюу 10 мянган айлын орон сууцыг барих гурван төсөл маань тус хуульд маань заагдсан байгаа. Монгол Улсад хэрэгжиж байгаа 500 сая ам.доллараас дээш санхүүжилт бүхий гурван төсөл гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн УЦС БНХАУ-ын Засгийн газрын зээлээр, Газрын тос боловсруулах үйлдвэр маань БНЭАУ-ын зээлээр 2018 онд эхэлсэн ийм төсөл байгаа. Харин Сэлбэ дэд төвийн хувьд Засгийн газрын баталгаагаар нийслэлээс гаргасан бондоор санхүүжилтээ босгоод ажлаа эхлүүлчихсэн байгаа гурван том төсөл юм.

Нефт боловсруулах үйлдвэрийн хувьд ашиглалтад орсноор дотоодынхоо хэрэгцээний 50-55 хувийг бүрэн шийдэх боломжтой. Жил болгон гадаад руу урсаж байгаа нэг тэрбум ам.долларын валютыг Монголдоо үлдээх давуу тал бий болно. Мөн үнийн уян хатан нөхцөлтэйгээр дотооддоо шатахууны үнийг зохицуулах боломж үүснэ.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаар салах, үнийн уян хатан байдал бий болох боломжтой юм. Харин Сэлбэ дэд төв бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдэл. 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуульд МАН орохдоо мөрийн хөтөлбөртөө тусгасан 20 минутын хот концепцийг тусгасан байдаг. 20 минутын хотод юу байх вэ гэхээр төвлөрлийг сааруулах дагуул хотуудыг бий болгох үүнийг дагасан боловсрол, эрүүл мэнд, соёл, үзвэр үйлчилгээг ойртуулах концепцийн хүрээнд хийгдэж буй томоохон ажил юм. 10 мянган айлыг орон сууцжуулах тэр орчныг агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэлээс ангид байлгах гэсэн зорилготой ажил. Сэлбэ дэд төв төсөл маань хэрэгжээд дууссан тохиолдолд дараа дараачаас хөрөнгө оруулагч нэмэгдэж, хувийн хэвшлүүд оролцох боломж нээгдэж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх өргөн боломжууд бий болно гэж харж байгаа.

Энэ хууль маань анхдагч хуулийн төсөл бөгөөд дээрх гурван төсөл маань хэрэгжиж дууссанаар хүчингүй болно гэсэн үг. Мэдээж олон гишүүн болгоомжилж байна. Дагаад маш олон зээлээр санхүүжиж байгаа төслүүд орж ирэхвий гэдэг болгоомжлол байгаа. Миний хувьд бол үнэхээр үр өгөөжөө өгөх сайн төсөл бол хэрэгжүүлэх нь зөв. Нэгэнт авсан зээлээ ашиглах л хэрэгтэй шүү дээ. Энэ гурван төсөл дээр жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн хүү төлөгдөөд явах юм байна лээ. Одоо бол төсвийн өрийн таазандаа баригдаад жилдээ 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт л тусгаж байгаа. Гэтэл эдгээр төслүүд маань жилд 1.8 их наяд төгрөгөөр санхүүжих ёстой байх жишээтэй. Энэ байдлаараа 10-15 жилийн дараа л нефт боловсруулах үйлдвэр, УЦС, 10 мянган айлын орон сууцтай болно гэсэн үг. Нэгээд өгчихвөл 2-4 жилийн хугацаанд бүрэн дуусах боломж бүрдэнэ.

- Заавал төсвөөс салгах шаардлага байгаа юу. Төсөв дээр тусгаж байгаа мөнгөө нэмээд явах ёстой гэсэн байр суурьтай гишүүд байна ?

Хоёр төсөвтэй болох гээд байна гэх шүүмжлэл байгаа. Одоо бол улсын төсөв дотор гадаад зээл, тусламжийн төсөв тусгагдаж байгаа. Гэхдээ бид байгаа боломжоо ашиглахгүй бол санхүүгийн эрсдэлд өдрөөс өдөрт орж, стратегийн ач холбогдол бүхий дээрх төслүүд маань ашиглалтад орох хугацаа нь хойшилно гэсэн үг. Эрчимжүүлэх нь зүй ёсны асуудал биз дээ ? Ингэж явсаар 10-15 жилийн дараа ашиглалтад орвол бараг эхний хийчихсэн байгаа бүтээн байгуулалт маань ашиглалтын шаардлага хангахгүй бол яах вэ. Магадгүй технологи нь ч хоцрохыг үгүйсгэхгүй.

Улаанбаатар хотын хувьд хамгийн тулгамдаж байгаа асуудал нь яах аргагүй утаа, түгжрэл, хөрсний бохирдол байгаа. Үүнээс бид гэр хорооллыг орон сууцжуулж байж, янданг цөөлж байж л сална шүү дээ.

- Хуулийн төсөл батлагдаагүй тохиолдолд дээрх төслүүдийн ашиглалтад орох хугацаа хэдий хэр хугацаагаар хойшлох вэ ?

Сангийн яам, төслийн мэргэжилтнүүдийн өгч байгаа мэдээллээр нефт боловсруулах үйлдвэр маань 2018 онд эхэлсэн бөгөөд 2025 онд ашиглалтад орно гэж тооцоолж байсан ч өнөөдрийн байдлаар 30 хан хувийн гүйцэтгэлтэй байгаа. Бүтэн найман жилийн хугацаанд 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Өрийн таазандаа баригдаад одоогийн санхүүжилтээрээ явбал үлдсэн 70 хувийг нь хэдэн жил 10-15 жил барих магадлалтай. Тэгээд л төсөвт өртөг нь нэмэгдээд, зээлийнхээ хүүг төлөөд явна гэсэн үг. Санхүүжилт нь шийдэгдчихвэл 2-3 жилийн дотор л ашиглалтад орох боломжтой.

Сэлбэ дэд төв ч мөн адил. Ажил нь маш эрчимтэй явагдаж байгаа. Санхүүжилт нь шийдэгдчихвэл маш хурдан ашиглалтад орох боломжтой. Барилгын салбарынхан орон сууцаа хурдан эргэлтэд оруулахгүй бол хүү, алданги маш өндөр байдаг. Энэ хуультай холбоотойгоор маш олон гишүүн надаас “Хувийн эрх ашигтай юм уу. Яагаад заавал энэ ажилтай ноцолдоод байгаа юм бэ ” гэж асууж байна. Энэ бол үнэхээр эх оронч хууль гэж бодож байгаа. Заавал эдгээр төслүүдийг хөдөлгөж, ашиглалтад оруулах ёстой. Миний хувьд хууль эрх зүйн орчныг өөрчлөх, энэ мэт асуудлуудыг шийдэх гэж л УИХ-ын гишүүн болсон гэж боддог. УИХ-ын 64 гишүүний босго даваад эцэслэн батлагдана гэж найдаж байна.

- Дээрх гурван төслөөс Сэлбэ дэд төвийг эсэргүүцэж байгаа гишүүд олон байна шүү дээ. Тендер, ашиг сонирхолтой холбоотой асуудал яригдаж байна гэж ойлгож байгаа. Үүний талаар та юу хэлэх вэ ?

Тендертэй холбоотой асуудлын УИХ-ын чуулганы үеэр олон гишүүн асуулт асуусан. Хууль эрх зүйн маргаантай болон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудал байгаа юу гэж гишүүд асуусан. Нөгөө хоёр төслийг нь батлаад Сэлбэ дэд төвийг хуулийн төслөөс хасах агуулга ч хөндөгдсөн. Миний хувьд бол эргүүлэн татахгүйгээр эцсийг нь үзнэ гэсэн байр суурьтай байсан.

Хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудал байгаа бол ном журмаар нь шалгуулаад асуудал нь шийдэгдэнэ биз. Шалгадаг газар нь шалгаг. Харин хууль эрх зүйн боломжийг нь нээлттэй үлдээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. УИХ дахь МАН-ын бүлэг маань дэмжих нь зүйтэй гэх шийдвэр гаргасан байгаа.

- Ер нь хэдэн иргэнийг байртай болгох хэр хэмжээний төсөл юм бэ ?

10 мянган айлын орон сууц. Нэг өрхөд гурван иргэн байгаа гэж тооцвол 30 мянган иргэний орон сууц юм. Нэгдүгээр хороолол, Гуравдугаар хороололтой дүйцэхүйц бөгөөд сүүлийн 43 жилийн хугацаанд хэрэгжээгүй том төсөл эхэлсэн гэх судалгаа байна лээ. Би бол эргэлзэхгүй байгаа. Хотын түгжрэлийг үлэмж хэмжээгээр бууруулах том төсөл шүү дээ.

- Энэ хуулийн төсөл маань дэмжигдэхгүй бол яах вэ ? Сэлбэ дэд төвөөр жишээ авахад барилгын компаниуд гүйцэтгэлээ авч чадахгүй, баригдаж байсан барилгууд нь зогсохвий гэдэг айдас байна ?

Хотоос сонгогдсон гишүүдийн дийлэнх нь дэмжиж байгаа. Хөдөө орон нутгийн гишүүд ойлгохгүй байж магадгүй. Мөн улс төржилт их байна гэж харж байгаа. Хотын томоохон төслүүдийг улс төржүүлээд байгаа шүү дээ. Энэ мэт асуудлаас хол байлгамаар байгаа юм. Хэрвээ хэрэгжихгүй бол хэн хохирох вэ гэвэл иргэд л хохирно шүү дээ.

Эсэргүүцээд байгаа улс төрчид бол унах нь унаад, дэвших нь дэвшээд л явчихна. Адаг сүүлд нь иргэд л хожих ёстой, цаг хугацаа алдахгүй байх ёстой. Энэ чинь шатахуун, цахилгааны хараат байдлаас салах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах л зорилготой төслүүд шүү дээ. Хотоос сонгогдсон гишүүд маань үнэхээр дэмжиж байгаа. Зовлонг нь ойлгож байгаа хэрэг. Би хувьдаа хатуу байр суурьтай хандаж байгаа.

 

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна