“Старт ап” буюу "Гарааны компани" гэж юу вэ

Zuv.mn
47 минутын өмнө

Анхны “Старт ап” буюу гарааны компаниуд байгуулагдсанаас хойш цөөнгүй жил өнгөрчээ. Энэ хугацаанд дунджаас эхлээд хэдэн зуун саяын ашиг олдог, хэдэн арван мянган ажилтантай аваргууд энэ салбараас мэндэлсэн байна. Мөн түүнээс ч олон нь дампуурч үгүй болжээ. Цаг хугацаа өнгөрч, түүх зузаарахын хэрээр “Гарааны компани”-ийн талаарх ойлголт ч гүнзгийрч ирэв.     

“Warby Parker” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхий захирал Нил Блюменталь гарааны компанийг “Шийдэл нь харагдахгүй байгаа ч шийдэх ёстой асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилладаг компани. Энэ хэрээрээ эрсдэлтэй, амжилтад хүрэх баталгаа бага байдаг” хэмээн томъёолжээ. “Маш чухал хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдэх шинэлэг санааг ажил хэрэг болгох урлаг юм” гэсэн өөр нэг тодорхойлолт ч бий. Ингэхээр, юун түрүүнд урьд өмнө хэний ч шийдэж байгаагүй асуудлыг олж харан шийдэхийг эрмэлздэг нь гарааны компанийн хамгийн чухал шинж чанар юм.

Хоёрдугаарт, хөгжиж дэгжих асар их боломжийг агуулсан байх нь гарааны компанийн бас нэгэн онцлог юм. 2013 онд АНУ-ын хамгийн амжилттай “старт ап”-ын нэгд тооцогдож байсан “Homejoy” компанийн захирал, үүсгэн байгуулагч Адора Чунг энэ талаар “Үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэхийн тулд компаниуд тогтвортой байдлаа хадгалахыг хичээдэг. Харин  гарааны компанийн хувьд, энэ өсөлт агшин зуурт ирэх боломжтой байдаг учраас болзошгүй өсөлтөд бэлэн байж, маш хурдтай шийдвэрүүд гаргах шаардлагатай болдог” хэмээн өгүүлжээ.

Үйл ажиллагааны цар хүрээ хил хязгаарыг үл харгалзан тэлэх боломжтой байдаг нь гарааны компанийн хамгийн гол шинж чанар гэдгийг “Y Combinator”-ын ерөнхий захирал Пол Грэхем мөн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг “Жижиг бизнесээс ялгарах гол онцлог нь ” хэмээн тодотгож байна. Үнэмлэхүй олонх гарааны компаниуд интернэтийг үйл ажиллагаа явуулах үндсэн орчноороо сонгосон байдаг нь ийм учиртай юм. гэхдээ заавал интернэт ашиглан хил хязгаарыг давах алба бас үгүй. Пол Грэхэмийн хэлснээр “Нэг хотод ресторан нээх нь гарааны бизнес буюу старт ап биш, харин рестораны жишиг бий болгож түүнийг олон улсад франчайзаар гаргах нь гарааны бизнесийн шинжийг агуулж байгаа” хэрэг аж.  

 Хамгийн олон хэрэглэгчтэй онлайн толь бичиг Merriam-Webster-т “Гарааны компани”-ийг “Асар их хурдацтай хөдөлгөөн, үйл ажиллагаа, өөрчлөлт”, “Эхлээд удаагүй бизнес үйл ажиллагаа, үйлдвэр”  хэмээн хоёр янзаар тайлбарласан байх бөгөөд эхнийх нь Адора Чунгийн тодорхойлолттой ерөнхийдөө тохирч байна.

Харин “Эхлээд удаагүй бизнес үйл ажиллагаа, үйлдвэр” гэсэн хоёр дахь үйл ажиллагаа нь гарааны компани гэсэн ойлголтыг цаг хугацаатай холбоотойг харуулж байгаа юм.

Гарааны компаниудыг хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо гэх мэт үзүүлэлтээр нь хооронд нь ялгах хатуу шалгуур байхгүй ч цаг хугацаа өнгөрч, гарааны компаниудын түүх зузаарахын хэрээр ийм ялгавар гарч ирж буй. Дээр нэр дурдсан Пол Грэхэм өөрийн туршлага, ажиглалтдаа дулдуйдан “Гарааны компани ерөнхийдөө таван жилийн настай байж болно” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, дампуурч алга болох, өсөн дэгжиж бүрэн төлөвшсөн олон үндэстний компани болох асуудал таван жил дотор шийдэгддэг гэсэн үг юм.

Эдүгээ дэлхий нийтийн танил болсон “Uber” гарааны компани хэлбэрээр байгуулагдсан ч дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгө оруулагчдаас 307 сая ам.доллар татаж, үнэлгээ нь 3.5 тэрбумд хүрээд байна. Гэсэн ч одоо болтол гарааны компани гэж нэрлэсээр байх гэж үү. Мэдээж үгүй. “Uber” одоо жилд 223 сая ам.долларын ашиг хийдэг олон үндэстний тээврийн компани болсон.

Америкчуудын 98 хувь нь интернэтэд холбогдсон, бүгд шахам ухаалаг гар утас хэрэглэдэг тул старт ап компаниуд энэ боломж дээр тулгуурлаж ажиллахыг хичээдэг нь нууц биш. Харин энэ нь амжилттай болоод, технологийн дэвшил бүтээж, асар их ашиг олж эхэлсэн бол гарааны гэсэн тодотголыг нь авч, “насанд хүрсэн”-ийг нь хүлээн зөвшөөрөх нь зүй ёсны  хэрэг юм.

Тэгэхээр, та шинэлэг бизнес эхэлж, жилд 20 сая ам.доллараас бага орлого олдог, 80 ажилтантай болсон, одоо болтол компаниа удирдсаар байгаа бол гарааны та гарааны бизнес эрхлэгч мөн. Үүний адилаар, та одоогоор жижигхээн дэлгүүртэй, бүр унтлагын өрөөндөө үйл ажиллагаа явуулдаг байлаа ч хийж байгаа бизнес тань ойрын таван жилийн дотор 10, 100, 1000 дахин нэмэгдэж, дэлхий нийтийг хамран өсч дэгжих боломжтой бол та гарааны бизнес эрхлэгч мөн юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна