Инфляцид идэгдсэн тэтгэврийн нэмэгдэл

Х.Батсайхан
46 минутын өмнө

-Төр инфляциа алдаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг буруу тооцоолсон бол зөрүүг нь нөхөж олгох ёстой-

Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны төсвийн төсөлдөө тэтгэврийн нэмэгдлийг зургаан хувь байхаар бодон оруулж ирж ахмадуудыг нэг сайн доромжилж билээ. Төсөв өргөн барихаас ч өмнө Монголбанк “2026 онд инфляци долоон хувь байна” гэдэг төлөвлөгөө гаргачихсан байсан болохоор манай сайт энэ сэдвийг хөндөж, “Засгийн газар тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмнэ гэдэг заалтыг 2026 оны төсөвт хэрэгжүүлэхгүй нь, Монголбанкны төсөөлөл түрүүлж гарсан байтал нэг хувиар бууруулж оруулж ирлээ” хэмээн бичиж байв. Яалт ч үгүй бодит асуудал хөндсөн тул Засаг ч ичсэн нүүрэндээ алдаагаа засаж, тэтгэврийн нэмэгдлийг өсгөсөн. Гэхдээ Монголбанкны төсөөлсөн долоон хувийн босгыг дөнгөж давуулж, найман хувиар нэмэхээр болсон юм.

Гэтэл 2026 онд инфляци Монголбанкны төсөөлсөн долоон хувиас илүү гарч, хоёр оронтой тоонд ороод явчихлаа. Үндсэндээ ахмадуудын найман хувийн нэмэгдэл инфляцид идэгдэж үгүй болоод хасах руу очрсон явж байна гэсэн үг.

УИХ яг одоо 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас харахад тэтгэврийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл, тэтгэврээ найман хувиар нэмүүлж инфляцид идүүлсэн ахмадууд нэг талаараа инфляци нэмэгдэх гол шалтгааныг бий болгосон хэсэг болох цалингаа 30-50 хувиар нэмүүлсэн эмч багш нарын хохирогчид.

Хэрвээ төр инфляциа алдаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг буруу тооцоолсон бол зөрүүг нь дараа жил нь юм уу төсвийн тодотголоор нөхөж олгох ёстой.   

2025 оны төсвийг хэлэлцэх үеэр “Монголбанк 2025 онд инфляцийг зургаан хувь байна” гэж төсөөлж байгаа учраас зургаан хувиар нэмэх тооцооллыг суулган хэрэгжүүлсэн. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг тус бүр зургаан хувиар нэмсэн. Гэтэл иргэд зургаан хувийн нэмэгдэлтэй цалин, тэтгэврээ дөнгөж авч эхлэхтэй зэрэгцээд буюу 2025 оны нэгдүгээр сард инфляци улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарсан байдаг. Улмаар гуравдугаар сард нь Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хоёр хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн. Нэг биш хоёр гэдэг огцом гэж хэлж болох нэмэгдэл бөгөөд инфляци өндөр, цаашдаа ч өндөр байх магадлал их үед л ингэж нэмдэг.


Монголбанк бодлогын хүү огцом өсгөх үедээ инфляцийг барих зайлшгүй шаардлага байгааг учирлаж, оны эцэст инфляци 8.9 хувьтай гарах төсөөлөл танилцуулж байсан нь яалт ч үгүй үнэн. Гэтэл энэ оны эхээр 2025 онд инфляци 7.5 хувьтай гарлаа гэсэн төсөөлөл танилцуулсан. 2026 онд долоон хувь байна гэж төсөөлсөн. Энэ мэдээллийг шалгах бололцоо хомс, учир нь нь хэрэглээний үнийн сагсанд яг юу, юу байдаг, юуг нь хасаж, юуг нь нэмж байгааг мэдэх боломж бараг байхгүй. Гэхдээ нэг үнэн юм байгаа нь, Үндэсний статистикийн хорооны 2025 оны жилийн эцсийн урьчдилсан тайланд байгаа “Оны эцэст инфляцын түвшин 7.5 хувьтай гарчээ. Үүнд, хүнсний бараа, ундаа, усны бүлэг 11.3 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлжээ” гэдэг өгүүлбэр. Ахмадуудын тэтгэвэр үндсэндээ 100 хувь эм, тариа, хүнсэнд явдаг юм шүү дээ. Үндсэндээ 400 гаруй мянган ахмад насны ихэнхийнх нь хувьд инфляци 11.3 хувьтай  байжээ гэсэн үг. Гэтэл нэмэгдлийг 7.5 буюу бусад бараатай нийлүүлж гаргасан "бага" хувиас бодуулна. Энэ байдал удаан үргэлжилж огт болохгүй, шийдэл олох ёстой. 


Засгийн газар орлогоо өсгөж чадахгүй экспортын гарцуудаа гацаана, зогсооно, “Харбины гэрээ” энэ, тэр гэж улс төржиж байх зуурт ахмадууд буюу нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний тэтгэвэр инфляцид идэгдэж, Монголбанк нь зөрүүлж бодлогын хүүгээ нэмэхэд зээл хумигдаж бизнес эрхлэгчид нь хохирсон “чөтгөрийн тойрог” руу орчихлоо.

Энэ цикл рүү нэгэнт орсон бол богино хугацаанд гарах ямар ч арга байхгүй. Олон улсын туршлагаас харахад, экспорт буюу валютын орлогоо нэмэгдүүлэх, төсөл хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх аргаар л гэтэлсэн байдаг юм билээ. Гэтэл манайд тэр нь алга.

Богино хугацаандаа хоёр, цаашлаад 6-9 хил холболтын үнэ цэнэтэй Гашуунсухайт-Ганцмодны хил холболт зогсчихоогүй ч “Харбины, алдагдалтай гэрээ” хэмээн  улс төржиж, мөн чанартаа алдагдал хаах биш зогсоох санаа агуулсаар. Нөлөөнд нь өдийд уг нь холбогдчихсон, үгүйдээ ажил нь эхэлчихсэн байх ёстой Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал хил холболтууд саатсаар.

Төсөв тодотгоход ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл орж ирнэ, Засгаа унагачилгүй шиг авч үлдье гэж байгаа л бол энэ тодорхой. Харин хэдэн хувиар вэ, араас нь бодлогын хүү өсөж, бизнесийн цусны эргэлт удаашрах нь хэчнээн хувь байх юм бол гэсэн хүлээлт байна.

Төсөв тодотгосны дараа инфляци 10 хувьд хүрч өснө гэсэн хүлээлт байгааг Тэргүүн шадар, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр амаараа хэлсэн. Хүлээгдэж байгаа инфляциас багаар нэмбэл хассан болно. Гэтэл илүү нэмье гэхэд нөгөө л чөтгөрийн тойрог.

Угтаа, дарга нарын уянгалдаг шиг улс орон хөгжиж байгаа бол инфляциас илүү нэмж байж л иргэдийн амьжиргаа сайжрах учиртай. Инфляцитай тэнцүү л нэмээд байвал байсан байрандаа бахь байдгаараа л байгаатай ялгаагүй. Тийм учраас эрх баригч намын ажлыг цалин тэтгэврийг инфляциас давуулж нэмсэнээр дүгнэдэг болоход буруудаад байх юм ер байхгүй. Төр инфляциа алдаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг буруу тооцоолсон бол зөрүүг нь нөхөж олгох ёстой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна