С.Ганбаатар: Газрын тос боловсруулах үйлдвэр чинь ажиллахгүй. Түүхий эд, ус, ТЭЗҮ дээр гарын үсэг зурсан хүн байхгүй...

Zuv.mn
52 минутын өмнө

Төрийн ордонд болж буй Өргөдлийн байнгын хорооны хурлаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028, 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өргөдлийн байнгын хорооноос иргэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар их асуудаг юм.

Хуулийн төслийн Тавдугаар бүлэг, 62, хавсралт гэснийг та нар нэг хараадах даа. Эхлээд орж ирэхэд нь би засаад орж ирэх болов уу гэж бодоод асуугаагүй. Засахгүй оруулж ирж байна.

Дөрвөн том төсөл оруулж ирж ярьж байхдаа та нар Газрын тос боловсруулах үйлдвэр төслийн хариуцагч нь хэн бэ гэсэн, хариуцагч энэ дээр байхгүй. Нөгөө гурав дээр нь байна лээ. Мэдээж би хэн гэдгийг нь ойлгож байна, гэхдээ яагаад энд бичээгүй юм бол оо. Төсөл эхлэх огноо байхгүй. Нөгөө гурав дээр нь байна лээ. Бүс нутаг байхгүй. Нийт төсөвт өртөг нь 55.7 тэрбум төгрөг, 6.01 их наяд төгрөг гэж хоёр тоо байгаа. Яагаад ийм хоёр өөр тоо бичсэн юм бэ. Газрын тос боловсрхуулах үйлдвэр үнэндээ ажиллахгүй шүү дээ. Усны нөөц тогтоогдоогүй, ТЭЗҮ байхгүй. ТЭЗҮ дээр гарын үсэг зурсан хүн байхгүй. Энэ дөрвөн асуултад хариу авья” гэв.

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ асуултад “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг АҮЭБ-ийн яам хариуцаж байгаа. Манай улсын хамгийн том дутагдал бол газрын тосны бүтээгдэхүүнээр 100 хувь хараат байдаг явдал. Энэ дутагдлаа нөхөхөөр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барьж байна. Энэтхэгийн хувьд хилийн чанадад хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл нь. Төслийн явц эрчимтэй байна. Түүхий тосны нөөц хэрэгтэй. Зүүн бүсийн газрын тосны сав газраас татна. Тэнд тодорхой нөөц тогтоогдсон. Хойд хөшөөс импортоор авах бололцоотой гэж энэ бүс байршлыг сонгосон. Шаардлагатай гэвэл төслөөр тусад нь танилцуулга хийж болно. Мөн ирэх оны төсөв дээр задалж ярина” гэлээ.

Харин С.Ганбаатар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих ёстой. Бидний мөрөөдөл өө. Гэхдээ энэ мөрөөдөл дээр тоглож их муухай луйвардах гэж байна” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна