Ерөнхий сайд Н.Учрал богино хугацаанд махны үнэ тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө

Т.Отгонсувд
1 цаг 14 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.15/ өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж,  махны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар ярилцлаа.

Инфляц энэ оны дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрэхэд махны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Засгийн газар, ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд түлш, шатахууны үнэ өсөөгүй. Гэтэл махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар нэмэгджээ.

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хангах үүрэгтэй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан махны нөөц бүрдүүлдэг. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 5,017 тн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан байна. Тухайлбал, 2021 онд л гэхэд нийслэлд 10 гаруй мянга тн мах нөөцөлж байжээ.

“Энэ өвөл хүн амын тоонд жишсэн тооцооллын дагуу боломжит хэмжээнд мах бэлтгэн нөөцлөөгүй” гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.

Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом савлаж эхэлсэн. Мах нөөцлөх гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө 2025 оны арван хоёрдугаар сард бүрдүүлсэн. Ингэхдээ “Хүчит шонхор” захаас нөөцөө бүрдүүлсэн тохиолдол гарч байсныг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн хөндлөө.

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал. Иргэддээ үнийн өсөлтийг үүрүүлэхгүйн тулд нөөцийн мах бэлдэж худалдаалдаг. Гэтэл гэрээт аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэхдээ хугацаа алдсан. Мөн захаас мах худалдаж авсан асуудлыг нягтлах, мөн нэг удаагийн баримтаар өндөр дүнгээр борлуулалт хийж байгааг и-баримтаар нь шалгахыг  Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

Мөн богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна