Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа, Эдийн засаг хөгжлийн сайдад “олддоггүй” Энэтхэг компани

Zuv.mn
48 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр уржигдар Байнгын хорооны хурал дээр Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяраас “Нефтийн үйлдвэр барьж байгаа Энэтхэг компанийнхаа нэрийг мэдэж байгаа юу. Юу гэдэг компани юм бэ. Захирал нь хэн юм бэ. Тэр төлбөрийн хэлэлцээрийг Ж.Энхбаяр чи хийсэн үү” гэж асуусан билээ. Ж.Энхбаяр сайд түүний асуултад хариулалгүй тойруулсны дараа Л.Гантөмөр гишүүн “Чи сая Сангийн яамнаас асуугаад байгаа биз. Надад олдоогүй байхгүй юу Ж.Энхбаяр аа. Чи тэр үгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. “Тэркомпани надад олддоггүй юм аа гээд...” хэмээсэн. Энэ яриа олон нийтийн анхаарлыг татсан тул Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа Энэтхэгийн компанийн талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж  хүргэе.

Менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан компани нь “Engineers India Limited”  

“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг 2019 оны 05-р сарын 13-ны өдөр “Engineers India Limited” компанитай байгуулж, үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Үүний өмнө төслийн ТЭЗҮ-г Энэтхэгийн талтай хамтран боловсруулж, 2018 оны арваннэгдүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан аж. Менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсны дараа “Engineers India Limited” нь нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан. Сүүлд зардал нэмэгдсэн ТЭЗҮ-ийг мөн энэ компани хийжээ.

“Engineers India Limited” нь 1965 онд байгуулагдсан, газрын тос боловсруулах, хүнд үйлдвэрийн чиглэлээр ажиллдаг том компани аж. 1965 оноос хойш 61 жилийн хугацаанд лав 91 газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлсэн гэсэн мэдээлэл байна. 


Бусад төслүүд нь ч бас чамгүй олон аж.

Гол гүйцэтгэгч нь Megha Engineering & Infrastructures Limited (MEIL)

“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн албан ёсны цахим хуудаст бичсэнээр, төсөлд “Engineers India Limited”-ээс гадна 12 компани бичигджээ. Монголыг Газрын тосны үйлдвэртэй болгох ажилд оролцож буй эдгээр компанийн дотор монголчуудын сайн мэдэх “Норинко” ч багтана.

Гэхдээ, сүүлд Энэтхэгийн Гадаад харилцааны яамны нарийн бичгийн дарга Анураг Агарвал тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирсэн үйл явдлын мэдээлэлд дурдсанаар, төслийн гол гүйцэтгэгч нь “Megha Engineering & Infrastructures Limited” (MEIL) гэх компани аж.

1989 онд жижиг цехээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэ компани одоо улсдаа томд ордог бүтээн байгуулагч компани болж, эзэд нь улсынхаа тэргүүн баячуудын эгнээнд оржээ.


Megha Engineering & Infrastructures Limited (MEIL)-ийн эзэн нь PP Reddy гэгч бөгөөд “Форбес”-ын жагсаалтад ордог том баян. Түүний үеэл, Megha Engineering & Infrastructures Limited (MEIL)-ийн гүйцэтгэх захирал Кришна Редди нь мөн л улсынхаа толгой баячуудын нэг бөгөөд 2025 онд Энэтхэгийн төлөөлөгчидтэй хамт Монголд ирж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ирж биечлэн танилцсан.


Товчхондоо, Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгжүүлэгч, эзэд нь нэг ийм хүмүүс байдаг аж.

Эцэст нь, үйлдвэрийн талаар мэдээлэл хүргэхэд, үйлдвэр барих ажил анх Ерөнхий сайд Нарендра Модигийн нээж өгсөн 1 тэрбум ам.долларын зээлийн шугамд үндэслэсэн бол одоо төсөвт өртөг нь 1.7 тэрбум ам.доллар гэж явж байгаа.

2028 онд ашиглалтад орох бөгөөд үйлдвэр нь үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замтай, дагаж бий болох хотхон нь үйлдвэрт ажиллагсдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг давхар шийдэх зориулалттай 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвтэй байх аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна