Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах санд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ

Zuv.mn
43 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2026.08.27/ тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй Зүрх судасны төв байгуулах төслийг хэрэгжүүлэгч Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернестэй уулзлаа.

Ерөнхий захирал Жеоржес Тернес, Улсын Их Хурлын даргын Люксембургт хийж буй энэ удаагийн айлчлал хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах ач холбогдолтойг тодотгов.

Мөн тэрбээр хэдийнэ хэрэгжүүлж эхлээд үр дүнгээ өгөөд буй эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаас гадна банк санхүүгийн салбар, сансрын болон хиймэл дагуулын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

Ялангуяа эрүүл мэндийн салбар Монгол, Люксембургийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг Улсын Их Хурлын дарга тодотгоод, өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус улсаас эмнэлгийн дэд бүтэц, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, телемедициний тогтолцоог сайжруулах болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хөрөнгө оруулсны үр дүнд нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан зүрх судасны өвчлөл тав дахин буурч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийдэг болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

2001 оноос хойш Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 45 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих болсныг Улсын Их Хурлын дарга уламжилсан.

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, давхар татвар ноогдуулахгүй байх Сангийн яамд хооронд байгуулсан харилцан ойлголцол санамж бичгүүдийн талаар тэмдэглээд, парламентын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй дэмжин  ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн Монгол Улс хиймэл дагуул хөөргөж ашиглах бодлого барьж буйг дурдаад, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах боломж бий хэмээлээ.

Уулзалтын үеэр Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернес, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах санд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж бодитой хувь нэмрийг оруулахаар шийдвэрлэсэн талаар дуулгасан юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна