Геологи, уул уурхайн салбар бол улсын эдийн засгийн, хөгжлийн суурь нь юм. Хуучин нийгэмд ч тийм байсан, эдүгээ үр нөлөөлөл нь үлэмж өсөн дээшилжээ. Монгол Улс зах зээлийн шинэ нийгэмд дэвшин орсон цагаас геологи, уул уурхай бидний амьдралын, улс орны тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг болж өрнөсөн нь бодит үнэн.
Хэдий тийм боловч эдийн засгийг тэтгэгч гол салбараа элдвээр муу хэлэх, худал улстөржүүлэх, шинжлэх ухааны суурь нарийн мэдлэг, чадвараар хөгждөг өвөрмөц зүй тогтол, онцлогийг үл ойлгон мэдэмхийрэх явдал хүрээгээ тэлж, ард түмнийг эсрэг буруу ойлголт руу түлхэх бусармаг үзэгдэл байсаар байна. Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой, бодит байр суурь, үнэ цэнэ дарагдаж байна. Энэ бүхний горыг, хохирлыг монголчууд өөрсдөө нийтээр амсаж байгаа нь нууц биш.
Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн өөрсдийн нийтлэг эрх ашгаа хамгаалах зорилгоор маш олон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод эрдэс баялгийн салбарт байгуулагдан ажиллаж ирсэн ч салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо төр засагт нэгдмэл байдлаар хүргэхэд үнэхээр учир дутагдалтай байна. Чиглэл чиглэлээр, дор бүрнээ мэргэжлийн ажлаа сайн хийж, томоохон төрийн бус байгууллагууд манлайлал үзүүлэн ажилладаг боловч нэгдэж ажиллах эрх зүйн боломж хомс.
Хариуцлагатай, тогтвортой уул уурхайг төлөвшүүлэн хөгжүүлэх стратеги, салбарын нэгдмэл байдал юу юунаас чухал болсон өнөө цагт Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ баталсан нь нүдээ олжээ гэж харж байна.
2025 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж, мөнхүү 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулснаар Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой харилцааг энэхүү хуульд тодорхой тусгажээ. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд үйлчилнэ хэмээн хуулийн үйлчлэх хүрээг тодруулжээ.
Хуулиар Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага дотор буюу 5.1-д “Мэргэжлийн нэгдсэн холбоог тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод хамтран үүсгэн байгуулна” хэмээн тусгасныг энд онцолъё. Тодруулбал, Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулахдаа Их хурлаа хийж, дүрмээ боловсруулж батална, Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнээ томилно, холбооны нэр, үүсгэн байгуулсан шийдвэрээ баталж танилцуулна зэргээр хуулийн дагуу олон шат дараалалтай ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой.
Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулахдаа энэ хуулийн 5.3.2-т зааснаар “Гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх” гэсэн шаардлагыг заавал хангасан байх учиртай. Одоогоор эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олборлолт, хайгуул, оператор, ханган нийлүүлэгч гээд 60 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн, ууган мэргэжлийн төрийн бус байгууллага “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” хуулийн энэхүү шаардлагыг хангаж байгаа аж.
Тийм ч учраас Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулахад “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” манлайлал үзүүлж, хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан ба анхных нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаар тогтоолоор баталсан “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам”-ын танилцуулга байлаа. Ерөнхий сайд Н.Учралын Ажлын албанаас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцохдоо эхний ээлжид хамтарсан Ажлын хэсэг байгуулан Их хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хуулийн хүрээнд шаардлагатай дүрмийн төсөл бэлтгэн санал авах үйл ажиллагааг явуулсан юм.
2026 оны долдугаар сарын 21. Улсын наадмын дараахан эрдэс баялгийн салбарын мэргэжлийн байгууллагууд, холбоодын төлөөллүүд “Скай Плаза” бизнес төвийн хурлын танхимд хуран цуглаж, Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулахаар Их хурлаа хийлээ. Зуны халуун өдрийг үл ажран эрдэс баялгийн салбарынхаа нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэн нийлсэн, хамтын шийдвэрт хүрсэн түүхэн үйл явдал энэ байв.
Нийт 38 мэргэжлийн холбооны 47 төлөөлөгч оролцсон геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй үүсгэн байгуулагч мэргэжлийн холбоодын эрх бүхий төлөөлөгчид хүрэлцэн ирсэн тул Их хурлыг хүчин төгөлдөрт тооцож хуралдуулсан билээ. Төлөөлөгчдийн олонхийн саналаар “Монголын Ашигт Малтмалын Баяжуулагчдын Холбоо”-ны Ерөнхийлөгч, Техникийн ухааны доктор Б.Чинзоригийг хурал даргалагчаар сонгосноос гадна хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссыг ил санал хураалтаар сонгож, хэлэлцэх асуудлыг батлагдсан хөтөлбөрийн дарааллаар танилцуулж, асуудал тус бүр дээр хурлын дэгээр асуулт, хариулт, санал өрнүүлэв.
Их хурлаар “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-ний (ГУУЭБМНХ) нэр, холбооны дүрэм, суурь зарчим, бүтэц зохион байгуулалтаа хэлэлцэн баталж, нийт гишүүдийн 100 хувийн саналаар тус холбооны Ерөнхийлөгчөөр МУУҮА-ийн Зөвлөлийн дарга асан Г.Батцэнгэлийг сонголоо. Тэрээр, итгэл найдвар хүлээлгэж сонгосонд Их хурлын нийт төлөөлөгчдөд талархлаа илэрхийлж “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагааг цаашид хуулийн дагуу, мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатайгаар явуулж, салбарын нийтлэг эрх ашгийн төлөө тууштай ажиллахаа онцлон тэмдэглэсэн.
Мэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчид Г.Батцэнгэл, Б.Чинзориг, З.Ган-Очир, Б.Бямбадагва нарын нэрийг Их хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн ба нэр дэвшигчид өөрийн боловсрол, мэргэжил, ажлын туршлага, салбарт оруулсан хувь нэмэр, холбооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах талаар байр сууриа нээлттэй танилцуулсан юм. Тэднээс Б.Чинзориг, З.Ган-Очир нар нэрээ татаж, Б.Бямбадагва татгалзсанаар шинэ Ерөнхийлөгчөө сонгосон билээ.
Шинээр байгуулагдсан мэргэжлийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах, гишүүдийг томилох асуудлыг Их хурлаар хэлэлцлээ. Удирдах зөвлөлийг геологи 3, уул уурхай 3, эрдэс баялгийн салбар 3 квотоор бүрдүүлэхийг хуралд саналын эрхтэй оролцогчдын олонх нь дэмжив. Геологийн болон уул уурхайн, эрдэс баялгийн салбар санал нэгдсэн гэж үзэн гишүүдийг салбарын төлөөллөөс бүрдүүлэв. Үүнд:
Д.Даваа-Очир-Газрыг тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбоо
П.Өлзийнаран-Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэг
Г.Уранбайгаль-Монголын Маркшейдерийн Холбоо
Б.Бямбадагва-Монгол нүүрс ассоциаци
Н.Батбаяр-Уул уурхайн технологичдын холбоо
Б.Чинзориг-Ашигт малтмал баяжуулагчдын холбоо
Д.Цогбаатар-Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл
Т.Мөнхбат-Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл
Д.Бат-Эрдэнэ-Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо
С.Лхагва-Очир-Монголын Геологийн Холбоо
Г.Батцэнгэл- ГУУЭБМНХ-ны Ерөнхийлөгч
Удирдах зөвлөлийн эдгээр гишүүд Их хурлын өдөр УЗ-ийн хурлаа хуралдуулан тэргүүнээр Монголын мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч, доктор Д.Цогбаатарыг, Хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Аварзэд, Г.Сугаржав, З.Ган-Очир нарыг төлөөлөгчдийн ил санал хураалтаар сонгосон. ГУУЭБМНХ ийнхүү бүтэн бүтэц бүрэлдэхүүнтэй болж, шинээр нэгдсэн дүрэм, зорилго чиглэлээ тодорхойлсон нь салбарт бий болсон шинэ алхам, шинэ эхлэл болж байна. Удирдах зөвлөлийн гишүүд мэргэжлийн нэгдсэн холбооны дэргэд тухайн салбарын онцлогоос хамаарсан үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлээр дагнан ажиллах дэд зөвлөлүүдээ байгуулна. Дэд зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг Удирдах зөвлөлөөр батална гэсэн үг.
Мэргэжлийн нэгдсэн холбооны логогоо олон талт мэргэжлийн байгууллагуудын эв нэгдэл, шийдвэр гаргалт, харилцан дэмжлэг, хамтын ажиллагаа, нэгдмэл манлайллын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг бэлгэдэн дүрсэлснийг энд дурдахад илүүдэхгүй байх. Салбарын мэргэжилтнүүдийн, мэргэжлийн холбоодын хүсэн хүлээж буй гол зүйл энэ юм. Орчин цагийн уул уурхайн салбарын ололт, амжилт нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд олон талт харилцааг дэмжин, хамтын ажиллагааг үр дүнтэй өрнүүлж, салбар дараагийн хамтын ажиллагааны түвшинд хэдийнэ хүрсэн гэдгийг энэ хурлын уур амьсгалаас мэдэрч болохоор байв. Бид салбар дотроо ойлголцохоос гадна бүхий л оролцогч талуудтай хамтын ажиллагааг дэмжиж байж салбарын тогтвортой хөгжлийг ярих боломж нөхцөл бүрдэнэ гэдгийг өнгөрсөн үеийн сургамж бидэнд маш сайн ухааруулжээ.
Төрийн үйл ажиллагааны зарим эрх үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодлогын ажил нэлээд олон жилийн өмнөөс эхэлсэн ч бодит эрх зүйн орчин дутмаг байлаа. Тэгвэл одоо энэ бүхэн мэргэжлийн нэгдмэл оролцоон дээр тулгуурлан биеллээ олох боломж үүсч байна. Мэргэжилтнүүдээ бэлтгэн, чадавхжуулна, хууль эрх зүйн орчноо сайжруулна, олон улсын жишигт нийцсэн стандартаа хэрэгжүүлнэ гээд геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарт хийх ажил шинээр байгуулагдсан Нэгдсэн Холбооны өмнө дурайж байна. Гишүүнчлэлийн татвар, банкны өөрийн нэрийн данс нээх гээд олон ажил хүлээгдэж буй. Гол нь нэгэнт мэргэжлийн холбоо байгуулагдсан учир гишүүд маш хариуцлагатай, идэвх зүтгэлтэй ажиллах шаардлагатай. Тэд идэвх санаачлагатай, оролцоо сайтай, төр засаг, олон нийтэд дуу хоолойгоо мэргэжлийн ёс зүйтэй хүргэвэл ойлгох, мэдрэх, хүлээн зөвшөөрөх хүрээ улам тэлнэ. Ингэснээр салбарын бодит үнэлэмж өснө гэдгийг давтан хэлье.
Эрдэс баялгийн салбар бол зөвхөн, эрж хайж, олборлож, боловсруулах техникийн шинжтэй үйл ажиллагаанаас илүү ухаалгаар, харилцаан дээр суурилан амжилттай удирдсанаар талуудад өндөр үр өгөөж өгөх орчин цагийн сонирхолтой салбар болон хөгжиж байна. Энэ шилжилт рүү бид аажмаар шилжин хөгжиж байгааг бүгд мэдэрч байгаа ч цаашдаа илүү эрчтэй, хамтдаа хөгжихөд хууль эрхзүй, дэд бүтэц, хүний нөөцийн бэлтгэл ажлууд хийх хэрэгцээ шаардлага бодитоор бий болсоор байна. Энэ олон талын уялдаа холбоог хангах талаар дурдахад л Мэргэжлийн нэгдсэн холбооны үүрэг, хариуцлага маш тодорхой харагдана. Салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах их үйлсэд нь амжилт хүсч бүгдийн оролцооны чухлыг дурдая.
Г.Идэрхангай
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна