ДАШТ-ий шөвгийн 16 багийн зургаа дахь хос АНУ, Бельгийн шигшээ багийн тоглолт дөнгөж сая өндөрлөж, Бельгийн шигшээ баг 4:1-ээр хожлоо.
Тоглолт эхлэхээсээ өмнө л дуулиан тарьж эхэлсэн нь ФИФА АНУ-ын довтлогч Фалорин Балогунд өгсөн улаан хуудсыг түдгэлзүүлсэн явдал байсан. Тодруулбал, Ерөнхийлөгч Доналд Трамп ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантинотой утсаар ярьсны дараа уг шийдвэр гарсан гэгдсэн юм.
Улаан хуудсаар шийтгүүлсэн тоглогч дараагийн тоглолтыг автоматаар өнжих нь хөлбөмбөгийн хамгийн түгээмэл шийтгэлүүдийн нэг. Хэрвээ гаргасан алдаа нь ноцтой бол хоёр, бүр гурван тоглолт өнжөөх нь ч бий.
Гэвч дүрэмд нэг цоорхой байдаг нь Сахилгын журмын 27-р зүйл, хэрвээ ФИФА нь зөвшөөрсөн тохиолдолд сахилгын шийтгэлийг нөхцөлт байдлаар түдгэлзүүлж болох тухай юм. Энэ заалтыг хэрэглэсэн тохиолдолд тоглогчид оноосон шийтгэлийг түдгэлзүүлж, тэнсэн харгалзах хугацаа өгдөг. Тэр хугацаанд нь дахиж тийм алаа гаргахгүй бол цуцалдаг байна.
ФИФА сая Балогуны улаан хуудсыг яг энэ зүйл заалтаар түдгэлзүүлж, нэг жилийн /Журамдаа бол 1-4 жил гэж заасан байна/ тэнсэн оноожээ.
Ийм дуулиантай эхэлсэн тоглолтод харин Бельгичүүд бүх талаар илүүрхэж, 4:1-ээр илт давуу хожлоо. Өнөөх гайхал Фалорин Балогунаар гоол хийлгэсэнгүй.
Бельгичүүд шөвгийн наймд Испанийн багтай тоглоно.
ДАШТ. 1/8 шигшээ
АНУ-Бельги 1:4
Гоол: Де Кателаре 9 /Раскин 0:1/, Тилльман 31 /1:1/, Де Кателаре 33 /Троссард 1:2/, Ванакен /Де Кателаре 1:3/, Лукаку 90+3 /Ванакен, 1:4/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна